Шууд Chart

“Дорнод”-чууд улсын аваргын цомыг анх удаа хүртлээ

2016-05-19 17:35:53

МХБХ-ны насанд хүрэгчдийн УАШТ хагас сарын турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний хагас шигшээд шалгарсан таван баг "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т оролцох эрх авах байсан нь 20 багийн өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм. 

Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт “Жепро”, “Вэстерн” багийн хооронд явагдахад, эхний таван минутад “Вэстерн” 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Хаалгачийнхаа гаргасан алдааг Б.Цогтбаатар 14 дэх минутад цайруулан, торгуулийн цохилтоос тоог 2:1 болгон ойртуулсан. Хоёрдугаар үе эхлээд таван минутын дараа 19 дугаартай Ц.Баттулга тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ цаг мөчид түүний багийн гишүүн С.Баян-Өлзий хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг орхилоо. Ингээд бүх зүйл эсрэгээрээ эргэлээ гэтэл “Вэстерн”-ий О.Амартогтох 56 дахь минутад мөн хоёр дахиа шар хуудсаар торгуулж, хоёр баг адил 10 хүнтэй үлдсэн юм. Энэ нь “ЖЕПРО”-д сэргэлт өгч, 61, 62 хоёр дахь минутад Ц.Баттулга гоол оруулснаар багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа. Урагш довтлохоос өөр сонголтгүй болсон “Вэстерн”-чүүд 72, 74 дэх минутад хамгаалалтандаа алдаа гарган, тооны харьцаа улам холдсон. “Вэстерн”-ээс Э.Тамир 83 дахь минутад гоол оруулсан ч 90 дэх минутад тэмцээний шилдэг мэргэн бууч Г.Жаргалсайхан өөрийн хоёр дахь гоолоороо энэ тоглолтод цэг тавьсан. Ийнхүү 2016 оны УАШТ-ий хүрэл медалийг өрсөлдөгчөө 7:3-аар буулган авсан “ЖЕПРО” баг хүртлээ.

Аваргын төлөөх тоглолт “С” хэсгээс нэг, хоёроор гарсан “ДМЮ”, “Дорнод” багийн хооронд өрнөсөн. Хоёр баг хэсэгтээ 1:1-ээр тэнцсэн тул шигшээ тоглолтод “хайнаа хагалах” учиртай байсан юм. Эхний гоолыг “Дорнод”-ын Э.Отгонбаяр 10 дахь минутад оруулж багтаа тэргүүллийг авч ирлээ. Хариу гоолыг 36 минутад “ДМЮ”-ийн найм дугаартай А.Баттулга торгуулийн цохилтоос оруулсан юм. Гэвч нэгдүгээр үеийн 40 дэх минутад хагас шигшээд багаа ялалтад хөтлөөд байсан 13 дугаартай Ө.Баттулга гоолдож, “Дорнод” дахин тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үед Д.Нанжид дасгалжуулагчийн хөвгүүд эргэлт хийхийн тулд хэд хэдэн довтолгооныг санаачилсан ч гоол оруулж чадсангүй. Харин үндсэн цаг өндөрлөхөөс таван минутын өмнө эсрэг багаас Г.Дуурсах гоол оруулснаар “Дорнод” өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авч, улсын аваргын цомыг анх удаа өргөлөө.

УАШТ-ий шилдгүүд:

  • Шилдэг хаалгач Б.Батсуурь /Дорнод/
  • Шилдэг хамгаалагч Б.Очирсүрэн /Вэстерн/
  • Шилдэг хагас хамгаалагч Ө.Төрбилэгт /ДМЮ/
  • Шилдэг довтлогч Г.Жаргалсайхан  14 гоол  /ЖЕПРО/ 
  • Шилдэг шүүгч Р.Жаргалсайхан
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дорнод”-чууд улсын аваргын цомыг анх удаа хүртлээ   
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй