Шууд Chart

“Моngolian nomads” үзүүлбэр “Оны трюк” номинацид нэр дэвшлээ

2016-05-24 14:25:27

ОХУ-ын нийслэл Москва хотноо “Росгосцирк”-ийн “Арт-Клуб”-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын удирдлага Олон улсын циркийн “Мастер” шагналд нэр дэвшигчдийг зарлав.

Тус наадам өдгөө хоёр дахь жилдээ Оросын Сочи хотноо зохиогдох юм. Энэ удаа “Оны үзүүлбэр”, “Оны аттракцион”, “Оны циркийн шоу тоглолт”, “Оны жүжигчин”, “Оны эмэгтэй жүжигчин”, “Оны амьтан сургагч”, “Оны алиалагч”, “Оны найруулагч”, “Оны зураач”, “Оны хөгжмийн зохиолч”, “Оны бүжиг дэглээч”, “Оны продюссер”, “Оны трюк”, “Оны  фестиваль” гэсэн 14 номинацид нэр дэвшигчдийг тодруулсан байна.

Номинаци тус бүрт лидер таван үзүүлбэр нэр дэвшсэнээс гадна өнгөрсөн жилийн наадмаас ялгаатай нь зохион байгуулагчид шинээр “Оны трюк” болон “Оны наадам” номинацийг нэмж оруулсан байна.

Тусгай буюу  “Легенда” /Домог/ номинацийг онцлоход өнгөрсөн жил наадмын энэ номинацийн шагналыг ЗХУ-ын ардын жүжигчин домогт алиалагч  Олег Попов хүртжээ. Тэрбээр эх нутагтаа 25 жилийн дараа буюу “Мастер”-ын шагнал гардуулах ёслолд оролцохоор ирсэн байв.    

Олон улсын циркийн “Мастер”-ын шагнал гардуулах наадмын зохион байгуулагчид заасан хугацаанд дэлхийн 23 орноос 527 хүсэлт хүлээн  авчээ.  Сонирхуулахад, өнгөрсөн жил 363 хүсэлт  байв.

Нэр дэвшигчдийг үзэгчдийн дунд интернэт санал хураалт явуулах журмаар шалгаруулсан бөгөөд одоо экспертүүдийн ажил үлдээд байгаа гэнэ.      

Монгол Улсын циркийн “Моngolian nomads” 98 дугаартай дамнуургат үзүүлбэр уралдааны “Оны трюк” номинацид нэр дэвшээд байна. Манайхантай хамт энэ номинацид мөн Максим Казанцевын үзүүлбэр /ОХУ/, Черниевскийн дамнуур /ОХУ/, Лора Люция Ллореда ба Кристиан Тривиньо нарын  “Реквийн  хослол” /Колумб/ болон Алексей Сокол /ОХУ/ илбийн аттракцион нэр дэвшжээ. 

Сочи хотноо ирэх долоодугаар сарын 1-5-нд болох циркийн Оскар буюу “Мастер” шагнал гардуулах ёслолын үеэр “Мастерок” буюу циркийн бяцхан жүжигчдийн наадам зохиогдох юм.

Өнгөрсөн жил Сочигийн зуны театрын тайзнаа дан ганц Оросын циркийн бяцхан хамтлагууд тоглолтоо хийсэн  бол энэ зун  Израиль, Франц , АНУ, Испани болон Хятадын циркийн өсвөр насны жүжигчид тоглолтоо хийхээр болжээ.

“Мастер”-ын  буюу циркийн Оскарыг шалгаруулах өдрүүдэд Сочи хотноо олон улсын циркийн нүсэр том шоу наадам зохиох гэж байна. Үүнд алдарт алиалагч Слава Полунин, удирдаач Гидон Кремер, Марселийн циркийн урлагийн уран сайхны удирдаач Ги Каррара, Гүрж улсын гавьяат жүжигчин Гия Эрадзе, алдарт Du Soleil“  циркийн жүжигчид болон алдарт илбэчин Анатолий Сокол, Валентина Кульковагийн удирдсан морьтны гайхамшиг, Италийн алдарт амьтан сургагч Стефано Орфеи, Вячеслав Черниевскийн /ОХУ/удирдсан  акробатын баг оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Моngolian nomads” үзүүлбэр “Оны трюк” номинацид нэр дэвшлээ   
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй