Шууд Chart

"Гудамжны" бүжигчнийг таван сая төгрөгөөр урамшуулна

2016-05-26 10:47:04

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран дахин зохиох гэж байна.

Энэхүү фестиваль нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой аж.

Тус фестивальд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой бөгөөд реп, хип хоп, брек, електро, "гудамжны" бүжиг гэсэн төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал, хамтлаг бүжиг болон 1:1 баатл тулаан гэсэн хоёр төрлөөр эл тэмцээнийг зохион байгуулж, эхний шатнаас хамгийн өндөр оноотой 10 хамтлаг, уран бүтээлчийг тодруулах аж.

Эхний шатнаас шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно. Энэ үеэр графит зураг, экстрем спорт, салса бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Өнгөрсөн жил тус фестивалийг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаад олон улсын тэмцээн болгон өргөжүүлжээ. Тэмцээнд ӨМӨЗО-ны Хөххот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува Улсаас хамтлагууд ирж оролцох аж. Тэмцээнийг БНСУ, Япон, Монголын шүүгч хамтран ажиллана. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг "гудамжны" бүжигчнийг 13 сая төгрөгөөр  шагнаж байсан бол энэ жил таван сая төгрөг болгожээ.

Фестивальд оролцох чөлөөт бүжгийн хамтлаг, залуусыг маргааш хүртэл бүртгэх юм байна. Эхний шатны шалгаруулалт ирэх сарын 5-нд нийслэлийн “Улаанбаатар чуулга”-д эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гудамжны" бүжигчнийг таван сая төгрөгөөр урамшуулна  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй