
Интернэтээр аялах, нийгмийн сүлжээ, ухаалаг утас хэрэглэх нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Тэгвэл цахим харилцааны талаар мэдлэгтэй байснаар цахим ертөнцөд нэр төрөө хамгаалах, хүсээгүй харилцаа, үл таних нэгний халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай болно.
Нарциссист буюу өөртөө дурлагч, өөрийгөө өргөмжлөгч, анхаарлын төвд байх дуртай нэгэн гэсэн үг бидэнд нилээд танил болсон. Хэрэв та яг энэ хэллэгээр нь мэдэхгүй бол “үргэлж өөрийгөө ярьдаг, гэхдээ магтаж, сайрхаж, гайхуулж, хорвоогийн гайхамшиг гэж үзэж байгаа нь илт өнгө аястай, байнга өөрөг зураг буюу селфи авдаг” хүмүүсийг орчин үед бид нарциссист гэдэг нэр томъёогоор нэрлэх болжээ.
Хүндэрсэн нарциссизм нь сэтгэцийн эмгэгт тооцогдох бөгөөд энэ удаад ярьж буй бидний сэдэв тэр хүнд хэлбэрийг хамрахгүй.
Өсвөр үе, залуучуудын дунд энэ үзэгдэл ихээхэн харагдах болсон нь тодорхой хэмжээгээр олон нийтийн сүлжээ буюу сошиал медиатай холбоотой ч бүхэлдээ буруутан нь биш юм. Гэхдээ олон нийтийн сүлжээ нь өсвөр үеийнхэнд бусдын анхаарлыг өөртөө татаж, өөрийгөө өргөмжлөх, ямар мундаг гэдгээ харуулах тохиромжтой орчин билээ.
Судлаачдын үзэж буйгаар онлайн сүлжээ ашиглаж буй өсвөр үе, залуучуудын нарциссист зан байдлыг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдаг байна. Гэхдээ энэ нь дан ганц шинж тэмдгээр бус олон зан үйлийг нийлмэл байдлаас харагдана гэдгийг анхаараарай. Эдгээ зан байдлууд хүүхдэд тань онлайн болон бодит ертөнцөд аль алинд илэрч буй эсэхийг ажиглах хэрэгтэй.
Өсч буй нарциссистыг онлайн ертөнцөд таних шинж тэмдгүүд
Бүгд миний тухай: Хүүхдийнхээ олон нийтийн сүлжээг ашигладаг гол зорилго, сэдэл юу гэдгийг анхаараарай. Найз нөхөдтэйгээ харилцах гэж байна уу эсвэл өөрийгөө өргөмжлөх байна уу? Залуу нарциссистууд фейсбүүк, олон нийтийн сүлжээг бусадтай харилцах гэж биш өөрийгөө гайхуулж магтах гол зорилгоор ашигладаг.
Үг хэллэг: Олон нийтийн сүлжээнд тавьж буй мэдээлэл, хэрэглэж буй үг хэллэг нь “Чамаар сонин юу байна даа?” гэх биш “би, миний, надад”, “одоо би …… хийж байна” гэх мэт түлхүү байх.
Өрсөлдөөн: Судлаачдын хэлж буй гол шинж тэмдэг нь “фейсбүүк найзынх нь тоо хэд болсныг өдөрт хэд хэд шалгаж, тэр тоогоо бусдад зарлах” гэжээ. Судалгаагаар хэдий чинээ олон удаа өдөрт утсаа шалгаж, найзынхаа тоог дурдаж байна, нарциссизмын түвшин төдий чинээ өндөр байна гэжээ.
Өөрийгөө өргөмжлөх: Бусад хүмүүс профайл буюу хувийн хаягны зургаа ердийн зургаар сольдог бол нарциссистууд маш чамин, ганган, өөрийгөө өргөмжилсөн зургийг л түлхүү тавьдаг.
Хэрэв та хүүхдээ нарциссист болж буй нэгэн гэж бодож байгаа бол фейсбүүк хаягийг нь хаалаа гээд байдал өөрчлөгдөхгүй. Энэ дүр зургийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхээсээ өмнө ч хүүхэд авсан байх магадлалтай бөгөөд яагаад ийм зан байдал гаргах болсныг нь хүүхэдтэйгээ ярилцаж, цаад шалтгааныг тодруулахыг хичээгээрэй. Хэрэв шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандах, найз нөхөд, багштай нь ярилцах боломжтой юм шүү.
Ц.Цэрэндолгор
Миний хүүхэд өөртөө дурлагч уу | ||
Үзсэн: 1834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.