Шууд Chart

О.Насанбурмаа, П.Орхон, Б.Шоовдор нар алтан медаль хүртлээ

2016-05-30 11:01:46

Итали Улсын Сассари хотод олон улсын уламжлалт "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн ХХI удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Монгол, Бразил, Вэнэсуэль, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орны бөх өрсөлдсөн юм.

58 кг жинд ОУХМ П.Орхон нэгдүгээр тойрогт Италийн бөх Ф.Инделикатог 10:0, хоёрдугаар тойрогт гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 онооны харьцаагаар дийлж хагас шигшээ барилдаанд ОУХМ Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөхийг хожжээ.

ОУХМ Э.Гантуяа хоёрдугаар тойрогт Канадын бөх М.Фаззарийг 10:0 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээ барилдаанд ОУХМ П.Орхонд цэвэр ялагдаж, дагах барилдаанд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожиж, хүрэл медалийн төлөө барилдаанд ялжээ.

60 кг жинд ОУХМ Б.Шоовдор эхний тойрогт Казахстаны бөх Е.Дунбае, хоёрдугаар тойрогт Италийн бөх Э.Шафер нарыг дараалан цэвэр дарж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх Линда Мариустай хүнд барилдаан хийж 11:7 онооны харьцаагаар өвдөг шороодуулж, алтан медалийн төлөө Италийн бөх Бланка Лопезтэй барилдаж хожжээ. 

63 кг жинд гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх А.Фоменког 7:0 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээ барилдаанд мөн л ОХУ-ын тамирчин А.Братчиковад 2:4 онооны харьцаагаар дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдаанд ялав. 

69 кг жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт ОХУ-ын бөх А.Бабкинаг оноогоор, хоёрдугаар тойрогт Италийн бөх Д.Каневаг 4:1, хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх К.Дудаеваг 12:2 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө барилдаанд Францийн бөх Л.Коумдаг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодууллаа.

ОУХМ Ш.Түмэнцэцэг хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх К.Дудаевад ялагдсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Насанбурмаа, П.Орхон, Б.Шоовдор нар алтан медаль хүртлээ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй