
Өвөрхангай аймгийн домогт бөх, Монгол Улсын арслан Гялдангийн Цоодол агсны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй уялдуулж төрсөн нутаг Гучин-Ус сумынхан нь сумынхаа төвд түүний хөшөөг сүндэрлүүлжээ. Тус хөшөөний ар талд зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдовын “Аваргын эрэмбэтэй арслан” хэмээх шүлэг сийлэгдсэн байна.
Цоодол арслангийн хүү Болд нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Миний аав тухай шүлгийг зохиолч, сэтгүүлч Б.Ойдов 2010 онд сайхан шүлэг бичсэн байдаг. Тэр шүлгэнд аавын маань амьдрал тэмцэл, ажил үйлс, Монгол бөхийн хийморь золбоо, хүч чадал бүрэн тусгагдсан тул бид бүхэнд маш их таалагдсан. Аав маань Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрч, “Арвайхээрийн арслан Цоодол” хэмээн олон түмэнд алдаршсан хүн. Тиймээс Гучин-Ус сумын нутгийн зөвлөлийн шийдвэрээр домогт арслан аавын маань хөшөөг сүндэрлүүлнэ хэмээж байсан. Хэрвээ энэ ажил биелэлээ олвол ар талд түүний “Аваргын эрэмбэтэй арслан” хэмээх шүлгийг бүрэн эхээр нь сийлж мөнхөлнө” гэж байв.
Сонирхуулахад, хөшөөнд шүлгээ мөнхөлсөн яруу найрагч манай улсад гурав байдаг билээ. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом” наадмын анхны эзэн, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны дөрвөн мөрт шүлэг Зайсангийн хөшөөн дээр сийлэгдсэн бол Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Сүрэнжавын “Багш” найраглал УБИС-ийн өмнөх хөшөөнд, төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны “Дарсны ширээ минь баяртай” шүлэг Хэнтий аймгийн төвд сийлэгдсэн байдаг билээ. Иймд Б.Ойдов шүлгээ чулуун хөшөөн дээр сийлүүлсэн дөрөв дэх яруу найрагч боллоо.
Б.Ойдов хөшөөнд шүлгээ мөнхөлсөн дөрөв дэх яруу найрагч боллоо | ||
Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.