
Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Даваажав агсан “Москва-80” олимпийн чөлөөт бөхийн 74 кг-ын жинд зодоглохдоо нэгийн даваанд Камеруны бөх Тоньег тэвэрч шидээд цэвэр, хоёрт Пакистаны Ц.Жумаг бярдаж цэвэр, гуравдугаар тойрогт Румыний бөх Европын хошой аварга З.Пыркэлабуг оноогоор, дөрвийн даваанд Италийн Р.Николинийг цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт олимп, дэлхийн аварга ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй учраа таарч 8.40 минут эн тэнцүүхэн (2:2) барилдахад хоёр бөхийг идэвхгүй барилдсан нэрийдлээр хоёуланг нь гурван удаа торгож, дэвжээнээс буулгасан түүхтэй.
Ингэснээр манай бөх зургаа дахь өрсөлдөгч, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга Чехословакийн Д.Карабиныг заавал ялж байж медальд хүрэх боломж бүрдэх болов. Эл шийдвэрлэх барилдаанд тэрбээр өрсөлдөгчөө 7:5-аар хожсон. Ийнхүү аваргын төлөө Болгарын залуу бөх В.Райчевтай тунаж үлдсэн. Райчев хоёр сарын өмнө Германы олон улсын тэмцээнд манай бөхийг 0:7-гоор ялсан байсан болохоор тэр барилдаанд Ж.Даваажав огт өөр тактик боловсруулж, эхний үед 3:0-ээр давамгайлж байв. Гэвч барилдааны дунд үед тэдний онооны харьцаа 5:5 болж, цаг дуусахаас зургаахан секундын өмнө Болгарын бөх хожлын оноог авсан юм.
Ийнхүү Жамцын Даваажав агсан найман минут 54 секундын турш олимпийн аварга цолыг эзэмшээд алдсан билээ. Хэрвээ тэр зургаахан секунд тэссэн бол Монгол Улсын олимпийн анхны аварга болох байлаа.
Тэр зургаахан секунд тэссэн бол олимпийн анхны аварга болох байлаа | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.