Шууд Chart

Польшийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ

2016-06-06 17:31:38

Польшийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй гэж тодорхойлж байгаа Умард Атлантын эвслийнхний  цэргийн сургуулилт тус улсад эхлээд байна. Польшийн нийслэл  Варшав  хот дахь Үндэсний батлан хамгаалахын академид “Анаконда” нэртэй уг цэргийн  сургуулилтын нээлт боллоо. Польшийн  Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар  энэ  сургуулилтад  24 орны 31 мянган цэрэг дайчид  оролцох юм байна.  Польшоос  12 мянга,  АНУ- аас 10 мянга, Их  Британиас  мянга гаруй цэргийн албан хаагч хамтарсан  энэ сургуулилтад  оролцож байна. Мөн энэ сургуулилтад  байлдааны  гурван мянган техник, түүний дотор танк,  хуягт техник,  100 гаруй онгоц, нисдэг  тэрэг, байлдааны  12 хөлөг онгоц ашиглах юм. 

Цэргийн  хамтарсан сургуулилтын  зорилго нь   аливаа аюул  заналхийллийн  эсрэг хамтарсан  батлан  хамгаалах  ажиллагаа явуулахад  үндэсний болон  эвслийн  цэрэг дайчид,  удирдлагын  уялдаа холбоог  бэхжүүлэх явдал  болохыг  цэргийн эрхтэнүүд  мэдэгдэж  байна.  “Анаконда”  цэргийн  сургуулилттай зэрэгцэн  “Saber Strike” нэртэй  сургуулилт мөн болох юм байна.  Энэ  үеэр цэргийн анги нэгтгэлүүд,  байлдааны  техникийг  Герман  Польшоос  Балтийн тэнгисийн орнууд болон  Румын  Болгарт  шилжүүлэх  үйл  явцыг сургуулилах  юм.  Мөн “Swift Response” нэртэй  сургуулилтын үеэр  АНУ-аас  Европт  десант  буулгахаар  төлөвлөсөн  байна.  Америкийн цэргүүд  Умард Каролинагаас  Польшийн  Олыштын, Торунью хээрийн талбайд  бууж,  Польш болон  хөрш орнуудад  нь  үүрэг  гүйцэтгэх  юм байна.

Польшийн  генерал, “Анаконда”  сургуулилтын  командлагч Марек  Томашицкий  тус улсын хувьд хамтарсан  сургуулилтад  оролцож  байгаа цэргийн  бус  оролцогч орнуудын тоо онцгой чухал болохыг  мэдэгдсэн  байна. Энэ нь  улс  төрийн  оролцоо  өндөр түвшинд  байгааг  батлан харуулж  байна хэмээн үнэлж  буйгаа илэрхийлсэн  байна. "Анаконда" цэргийн  сургуулилтыг  2006 оноос хойш  хоёр жилд  нэг  удаа  Польшийн  зэвсэгт хүчний  шуурхай командлалаас  зохион байгуулж  ирсэн  юм.  2012 оноос  энэ  сургуулилт олон улсын  түвшнийх болон өргөжиж  НАТО-гийн  сургуулилтын  төлөвлөгөөнд орох болсон юм. Энэ  жилийн  хувьд  6 дахь удаагийн  сургуулилт  бөгөөд түүхэндээ хамгийн өргөн хүрээтэйд  тооцогдож байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Польшийн цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ  
Үзсэн: 2351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй