
Энэ оны дэлхийн спортын томоохон үйл явдлын нэг болох хөлбөмбөгийн ЕАШТ зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 10-нд Францын 10 хотод болно. Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн нь Францын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга байсан Анри Делоны санаа байв. Делон энэхүү санаачилгыг 1927 онд гаргасан ч UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбоо 1954 онд байгуулагдсанаар биелэх боломжтой болсон юм.
1958 онд болсон Европын хөлбөмбөгийн холбооны хурлын үеэр дээрх тэмцээнийг зохион байгуулах саналыг улсуудын хөлбөмбөгийн холбоод үг дуугүй дэмжиж, анхны тэмцээнийг 1960 онд Францад зохион байгуулах шийдвэр гаргажээ. Харамсалтай нь Делоны төрсөн нутагтаа болох тэмцээнийг үзэх хувьгүй байлаа. Учир нь тэрээр дээрх хурлаас гурван жилийн өмнө нас барсан юм. Хэдий тийм ч Европын хөлбөмбөгийн холбоо энэхүү эрхмийн дурсгалыг хүндэлж, ЕАШТ-ий цомыг “Анри Делоны” хэмээн нэрлэх болсон.
1960, 1964 онд болсон эхний хоёр тэмцээн Европ үндэстнүүдийн цом нэртэй байв. Харин 1968 оноос ЕАШТ гэгдэх болжээ. Буурал тивийн хөлбөмбөгийн хөгжилд томоохон түлхэц болсон энэ тэмцээн нэр хүнд, цар хүрээгээрээ хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимпийн наадмын дараа л ордог юм.
ЕАШТ нийт 15 удаа болоход Герман, Испани тус бүр гурав, Франц хоёр, ЗХУ, Итали, Чех, Нидерланд, Дани, Грек тус бүр нэг түрүүлээд байна. 1960 оноос хойш дөрөв, 1980 оноос хойш найм, 1996 оноос хойш 16 баг оролцож байсан бол энэ жил анх удаа 24 улсын шигшээ баг өрсөлдөх боллоо. Багууд дөрөв дөрвөөрөө “A”, “B”, “C”, “D”, “E”, “F” хэсэгт хуваагдан тоглож, эхний хоёр эзэлсэн 12 баг дараагийн шатанд шалгарна. Түүн дээр хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн зургаан багийн үзүүлэлт сайтай дөрөв нь нэмэгдсэнээр шөвгийн 16-гийн ирц бүрдэх юм.
“Евро-2016”-г “Монголын мэдээ” суваг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Улаанбаатарын цагаар хэсгийн болон шөвгийн 16-гийн тоглолтууд 22:00, 01:00, 04:00, үүнээс цааших тоглолтууд 04:00 цагаас эхэлнэ.
Буурал тивийн хөлбөмбөгийн “дайн”-д 24 улс оролцоно | ||
Үзсэн: 2062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.