Шууд Chart

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн 10 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2016-06-13 17:21:42

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн  зуны  10 дахь дугаар  хэвлэгджээ.

Энэ дугаарт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Пүрэв, Х.Зандраабайды, Б.Монголхүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Сэр-Од, МЗЭ-ийн шагналт Ц.Мөнх- Очир нарын тууж, найраглал, өгүүллэг, шүлэг нийтлэгдсэн байна.   

Түүнчлэн ардын билиг зүйч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан намтар цадиг, гэргий Бадарчийнх нь бичсэн  дурсамж,  соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч  Б.Хүрэлбаатарын  “Сутай  хайрхан уул”  шүлгийн гар бичмэл, хонгор нутгийн авьяаслаг яруу найрагч Ванхүүгийн Батбаяраас зураач, барималч С.Бадралд бичсэн захидал,  АНУ-ын нэрт зохиолч, Нобелийн шагналт, романы эцэг хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнерийн сонирхолтой ярилцлагыг унших юм.   

Сэтгүүлийн “Сонгодог зохиолчдын бүтээл”, “Аян замын тэмдэглэл”, “Эсээ”, “Монгол туургатны яруу найраг”, “Сүүтэй дөрөө”,  “Маамуу нааш ир” буланд ч дэлхийн болон Монголын зохиолчдын шилдэг бүтээл багтжээ.

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер ном”-ын их дэлгүүрээс  худалдан авч болох бөгөөд "Монгол шуудан" компанийн  салбаруудаар захиалах боломжтой.

Тус сэтгүүлийн хамт олон улирлын онцлох зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, ахмад зохиолч Шагжийн  Ванчаарайг, онцлох  номоор соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзанын  “Тэнгэрийн судар” номыг  тодруулжээ.

Сонирхуулахад, дээрх сэтгүүлийн намрын дугаарын захиалга эх орон даяар эхэлсэн байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр захиалагч,  уншигч таны гар дээр очно.

Уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба зохиолч” сэтгүүл хэзээ ямагт уншигч таны нээх дуртай сэтгүүл байсаар байх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн 10 дахь дугаар хэвлэгдэн гарлаа  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-06-14 16:19
Гайхалтай сэтгүүл

Бидэнтэй нэгдээрэй