Шууд Chart

Сонгуулийн талаар хэдхэн үг

2016-06-27 09:09:09

Ойрд ажил ихтэй наашаа цаашаа байнга яваад та бүхний сонгуулийн их дуулианд оролцож чадахгүй байгаадаа хүлцэл өчье! Яг үнэндээ нерв багатай амар л байна.

За тэгээд хальт хальт хараад явж байхад манайханд хэд хэдэн төөрөгдөл байх шиг. Түүн дээр нь ч нөхдүүд тоглолтоо дориухан зохион байгуулж байна. Тэгээд л хэдхэн зүйл хэлж та бүхнийг зөв сонголт хийхдээ анхаараарай хэмээн хүсэх гэсэн юм.

1-рт: Манай улс парламентын засаглалтай тул сонгуульд ялсан, олонх болсон НАМ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг орон. Тэгэхээр намын мөрийн хөтөлбөрийг л сайн судлаарай. Яг үнэнийг хэлэхэд бие даагч нар болон олонх болоогүй намын гишүүд аль нэг олонхийг бараадахгүй бол шантаажлагч, /энэ нь хүмүүст их таалагддаг боловч улсын хөгжлийн тушаа болох нь элбэг/ товчлуур дарагч л болдог. Уурлаад хэрэггүй ээ. Угаасаа ийм л тогтолцоотой юм шүү дээ.

2-рт: Төрийн бодлого гэдгийг манайхан алга урвуулахын хооронд ашиг тусаа өгөх ёстой гэж хараад зарим нь харуулах гээд байх юм. Уг нь сайн тавьсан суурин дээр босч ирдэг том байшин гэсэн үг л дээ. Тэгэхээр бид ирээдүйгээ харж, зөв бодлого барьж байгаа мөрийн хөтөлбөрийг л дэмжмээр байгаа юм. Түүнээс өнөө, маргаашдаа өгөх халамж, хайр бол 4 жилийн настай өгөөш шахам юм шүү. Ухаандаа сумын тань инженерийн шугам сүлжээг шийдээд удахгүй хот болгох төслийг үл анзаараад, усны машин авч өгч, халуун усны газар нээх төслийг дэмжээд байгаатай ижил. Үүнийг бас болгоогоорой.

3-рт: УИХ-ын гишүүн хүн бол замын компанийг сайн зам тавих, замын менежментийг сайжруулах, сургууль барих компанийн стандарт нормыг тогтоох, цэцэрлэгийн аюулгүй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах САЙН ХУУЛЬ гаргах үүрэгтэй болохоос зам тавьж, сургууль барьж, цэцэрлэгийн багшийг сургахгүй гэдгийг ойлгоорой. Манайхан нэр дэвшигчдээсээ хууль /үндсэн ажил нь/ нэхэхгүй, хувьцааны ашиг нэхээд байгаа дээр их тоглож байгаа харагдах юм.

4-рт: Тойргоо гадуурхуулахгүй байхад бас анхаармаар санагддаг. Ухаандаа олонх болсон намын эсрэг намыг сонгосон тойрог гадуурхагдах нь элбэг байдаг. Тийм л системтэй улс төрийн тогтолцоотой. Нэг үгээр буруу сонголтынхоо хариуг амсана гэсэн үг л дээ. Ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гээд том төслүүд явдаг, гэтэл танай дүүргийн, сумын Засаг дарга өөр намаас гарсан тул бас өөрийн намынхаа нэр нүүрийг авч үлдэх гээд зүтгэдэг. Энэ тохиолдолд ялсан нам зөнд нь орхичихно. Эцэст нь ард түмэн хохирох нь элбэг байдаг. Улс төр бол өрсөлдөөн, ялагчийн баяр, ялагдагчийн гутрал тул сайн бодож сонголтоо хийх нь нэн чухал. Ухаандаа орон нутагт чинь аль нам ялах магадлал их байгааг анзаараад тэр намаа л дэмжвэл дээр гэх гэсэн юм.

5-рт: Хийснээ, хийхээ, сайн мөрийн хөтөлбөрөө ярьж байгаа хүмүүст л анхаарлаа хандуулаарай. Түүнээс хэн нэгний хийснийг шүүж, шүүмжилж, алдаа болгоныг нь сануулж байгаа нөхөд бол гараад Популизмын хаан, хатад л болох байх шүү.

Эцэст нь хэлэхэд, та л сонгуулиа өгөхгүй бол таны хүссэн төр байгуулагдахгүй тул заавал сонгуульдаа оролцож, саналаа өгөөрэй.
Хоёрхон хоногийн дараа бид дурван жил удирдуулах төрөө сонгоно. Мөн орон нутгийн удирдах байгууллагынхаа эрхмүүдийг ч сонгоно. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

Монгол Улсын иргэн бүр аз жаргалтай амьдрах болтугай!

Нийтэлсэн: Анжигай

Сонгуулийн талаар хэдхэн үг  
Үзсэн: 6435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй