Шууд Chart

Орон нутагт санал өгөхөөр шилжсэн иргэний тоо их байгаа учраас саналын хуудсыг нэмэлтээр хэвлэж эхэлжээ

2016-06-29 18:25:58

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль үргэлжилж байна. 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 55 хувьтай байна. Сонгуулийн ирц болон бусад асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Хөдөө орон нутагт саналын хуудас дутаж байгаа талаар хүсэлт их ирсэн байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо дутагдсан саналын хуудсыг хэвлэж аймаг, сумын сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг хийж эхэлсэн байна.

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 1.912.901 сонгогч санал өгнө. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар санал авах ажиллагаа эхлэхээс өмнө нийт 84 мянган иргэнд “түр хасав” гэсэн тэмдэглэгээ хийсэн. Мөн 11 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байсан аж. Тэгэхээр нийт санал өгөх 1.912.901 сонгогчоос 100 гаруй мянган иргэнийг хасаж саналын хуудас хэвлэсэн байжээ.

Харин өнөөдөр дээрх 100 мянгад багтсан байсан иргэд санал өгөхөөр ирж байгаа бөгөөд ийм тохиолдолд тухайн иргэний саналыг шууд авч байгаа аж. Харин дутсан саналын хуудсыг шуурхай хэвлэж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Энэ жил саналын хуудсыг нөөцтэй хэвлээгүй учраас ийнхүү нэмэлт саналын хуудас хэвлэх шаардлага гарч байгаа аж. Түүнчлэн хотоос хөдөө орон нутаг руу шилжсэн иргэд их байгаа учир аймаг, сумдад саналын хуудас дутах тохиолдол их гарч байна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ.

Мөн энэ үеэр “Хөдөө орон нутаг руу “царцааны нүүдэл” их байгаа гэсэн мэдээлэл үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад хөдөөд саналын хуудас дутагдаж байгаа нь үүнтэй холбоотой гэж бодож байна гэсэн юм.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Орон нутагт санал өгөхөөр шилжсэн иргэний тоо их байгаа учраас саналын хуудсыг нэмэлтээр хэвлэж эхэлжээ  
Үзсэн: 2408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй