Шууд Chart

Ж.Мөнхжаргал: Намд сэтгэлгээний, дарга нарт арга барилын өөрчлөлт хэрэгтэй байна

2013-10-14 09:28:24

Монгол Ардын намын XXVII их хурал, намын шинэчлэлийн талаар чих тавьж буй энэ цаг үед залуучуудын төлөөлөл болгож МАН-ын XXVII их хурлын төлөөлөгчөөр 
сонгогдсон улстөр судлаач Ж.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Улстөрийн нам анх хэзээ үү­сэв, нийгэм олон нийтийн зүгээс ямар дэмжлэг авч байв. Мөн орчин үеийн улстө­рийн на­муудын чиг ханд­лагын талаар яриа­­гаа эхлэх үү?

-Орчин үеийн улстө­рийн намын дүр төрх, төлөвшилтийн асуудал боги­но боловч мөн чанар нь эрт­нээс улбаатай. Эртний сэтгэгч­дийн үзэл санаанд ч улс­төрийн на­мын талаар туссан нь бий. Үндсэндээ XIX зууны сүүлчээр олон түм­ний намууд /социол де­мократ/ Баруун Европын ихэнх оронд төлөвшсөн байдаг. Анхны олон түмний нам бол 1861 онд Англид байгуулагдсан либераль нам гэж үздэг. Анхны намуудыг хаа сайгүй л нийгмийн хямрал, хагарлын эх үүсвэр гэж үзэж, гоочилдог байсан. Энэ нь төр ард түмэн хоёрын дунд нам зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буйг таа­шаа­даггүй байсантай хол­­­боотой. 

Д.Вашингтон Аме­ри­кийн ард түмэнд ханд­­сан илгээлтдээ хүртэл Улстөрийн намын талаар сай­наар дурсаагүй байдаг. Орчин үеийн улстөрийн нам 100 гаруй жилийн түүхэндээ олон нийтийн санаа бодолд нэр хүнд, эрх зүйн статус олж авахын тулд маш их бар­таа саадыг туулсан. Одоо ч улстөрийн намуудын өмнө тулгамдаж буй олон асуу­дал байсаар л байна. Тухайлбал намын системийн хэв маяг, зохион байгуулалтын загвар, гишүүнчлэлийн шинэ меха­низм, намын бодлогын хөг­­­жилт, гишүүдийн орол­­цоо, жендэр, намын ком­муникацийн хөг­жил, дотоод ардчилал, удирдлагын ар­га барил зэргийг нэрлэж болно.

-Манай улстөрийн на­муу­дын төлөвшил, таны хэлс­нээр дотоод ардчилал ямар түв­шинд байна вэ? 

-1921 онд Монголд анхны улстөрийн нам үүсгэн бай­­­гуулагдсан түүхтэй. 1990 он хүртэл нэг намын тогтол­цоотой социалист орон бай­сан бол үүнээс хойш олон намын тогтолцоо бүрэлдэн бий болжээ.

Олон намын тогтолцоонд шилжсэн 20 гаруй жи­лийн хугацаанд 26 нам бай­гуулагдаж, ес нь татан буугдаж, одоо 17 нам бүрт­гэлтэй байна. Гэвч эдгээр олон намаас орчин үеийн улс­төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн. Улстөрийн намын дотоод ардчиллын индекс ма­най намуудын хувьд “муу, дунд” гэсэн дүнтэй байгаа. Хойшид энэ асуудал дээр МАН онцгой анхаарах ёстой гэж боддог. Нэг намын тогтол­цоотой байх үед на­мын дотоод ардчиллыг үнэнч, дуулгавартай байх, намын бүх л арга хэмжээнд оролцох зэргээр ойлгож байсан бол одоо бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрхийг намын жи­рийн гишүүдэд олгох, залуу­чуудын оролцоо, цөөн хэдэн хүн шийдвэр гар­­­гадаг бюрократ бүтцээ ха­лах, эмэгтэйчүүдийн кво­тыг нэмэх, санхүүгийн ил тод байдал, намын дар­га, удирд­лага чөлөөт өрсөл­дөөнөөр сонгогдох боломж­той байх, мөн шинэчлэл өөрч­лөлтийг эрэл­хийл­сэн улстөрийн клуб, жигүүр намд байх нь до­тоод ардчилалд онцгой ач холбогдолтой. 

-Намуудын хувьд залуу­чуудтай ажиллах арга ба­рил тун тааруу харагддаг. Тэр тусмаа МАН-ыг эмээ өвөө­гийн нам боллоо гэх нь бий? 

-Нийгэм маань хурдтай өөрчлөгдөж байна. Амьдрал, цаг үе юу шаардаж байна, тэр шаардлагад нийцүүлж өөрч¬лөх зүйлээ өөрчилж, өөд нь та¬тах юмаа өөд нь татаж, орхих зүйлээ орхих л хэрэгтэй болов уу. Саяхан гар утас гэдэг ойлголт бид­ний хэрэглээнд байхгүй л байсан. Одоо бараг хүн бүр гар утастай боллоо. “Nokia 3210” барихыг чи хүсэх­гүй биз дээ. Бүгд л смарт утастай болохыг мөрөөдөж байгаа, түүнийгээ ч авч байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл нийгэм, тех­нологийн хөгжлийг да­гаад залуучуудын хүсэл, мөрөөдөл өөрчлөгдөж байна. Түүнд нь тааруулж арга барилаа өөрчлөх шаардлага байна уу даа гэж хардаг. Залуус руу нэг эмээг ухуулагчаар явуулах уу, эсвэл хаягласан захиа илгээх үү. 

Фэйсбүүк, Твиттерээр харилцах уу. Тэгэхээр намууд залуу­чууд­тай ажиллах арга барилдаа өөрчлөлт гаргах ёстой. МАН-ыг дэмждэг олон мянган залуус бий. Үүнийг үгүйсгэж болох­гүй. Өвөө, эмээгийн хувьд Ардчилсан нам ч өвөө, эмээ­тэй болсон. 

-Та яагаад МАН-ыг сонгох болов? 

-92 жилийн түүхтэй МАН Монгол Улсыг удирдахдаа алдаа­­наасаа илүү оноо нь их бай­гаа учраас, улсынхаа тусгаар тогт­нолыг сэргээн мандуулсан түүхэн гавьяатай учраас, НҮБ-ын гишүүн болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд онцгой үү­рэг гүйцэтгэсэн болохоор сонгосон. Хэрвээ тэр эгзэгтэй үед урд, хойд хөршийнхөө аль нэг рүү нь хэлбийчихсэн бол одоо юуных нь ардчлал, эрх чөлөө байдаг юм бэ. Тэгэхээр эх орон оршин байхын үндэс нь тусгаар тогтнол. 

-Гишүүнээр хэзээ элсэв. Энэ намын төлөө ажилласан түүх ер нь танд байгаа юу? 

-Анх 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд 18 настай 10 дугаар ангийн хүүхэд байхдаа сурагч­дын зөвлөлийн шуга­маар Н.Багабанди нэр дэв­шигчийн сонгуулийн сур­талчилгаанд оролц­сон тэр үеэс л энэ намын нэр дэв­шигчийн төлөө ажилласан байдаг. 2004 онд Хэнтий аймагт Д.Арв­ин гишүүний менежер, 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт Ц.Дашдорж ги­шүүний менежерээр ажил­­лаж ялалт байгуулсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Number one” хөдөлгөөний зохицуулагч, 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшигчийн багт ажилласан даа. Намд 2009 онд элссэн.

-Намаасаа илүү нэр дэв­шиг­чийнх нэр хүнд манайд өндөр байх нь түгээ­мэл. Мөн сонгуулийн бүх л системийг туршиж байх шиг байна. Хойшид энэ ян­заараа явах болов уу? 

-Улстөрчид намын рей­тингээс илүү өөрийн рейтин­гийг өсгөх гэж олон жил зүтгэлээ. Үүнд тогтолцооны алдаа бас бий. Бид сонгуулийг мажоритар системээр олон жил явуулсан. Энэ нь олон түмэнд намаас илүү хувь хүнийг сайн таниулдаг онц­лог­той. Сон­гогдохын тулд намаасаа илүү өөрөө манлайлагч байх ёстойг нэр дэвшигчдэд олгодог учраас лидер дагасан намуудын хэв маяг манайд бий болсон. Сүүлийн 2012 оны УИХ-ын сонгууль анх удаа пропор­циональ системийг хамт оруулж ирлээ. Намын нэ­рээр жагсаж, автоматаар 28 УИХ-ын гишүүн төрлөө. Пропорциональ систем бол нам өөрөө нэр хүнд өндөртэй байхыг шаарддаг. Гэм нь огт мэдэхгүй, танихгүй нөхөр дунд нь цохиж яваад гишүүн болчих боломжтой. Намууд үүнийг дэмжих хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр жагсаалтаар орж ирэх тоо буухгүй л болов уу. Уг нь буух нь залууст ашигтай.

-Ер нь баруун, зүүн гэж үзэл суртлаараа биш, бод­логоороо өрсөлддөг нам л хэ­рэгтэй байна? 

-Ирээдүйд намууд мөнгө амлаж биш, бодлого ярьж өрсөлддөг болох ёстой. Мөнгө хавтгайруулж тараагаад хөгж­сөн орон алга байна. Ма­­най намууд улстөрийн үзэл суртлын хувьд баруун, зүү­нээрээ ялгарах гэж оролддогч бүгд л амлалт өгөөд, нийгмийн халам­жийн асуудал яриад явдаг. Зүүний чиг баримжаатай намуудын тоо өрнөдийн улсуудад өсч байна. Ер нь баруун, зүүн гэж үзэл суртлаараа биш бодлогоороо өрсөлддөг нам л хэрэгтэй. Одоогийн эрх баригчид бодит байдлаас хол тасархай сайхан зүйл ярьж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан ч гэх шиг галзуу солиотой юм ярьж, олон түмнийг доромжилж болохгүй. 

Бо­дит байдал тодорхой ха­руу­­лаад өгч байна шүү дээ. Манай улс үйлдвэрлэгч биш импортлогч орон учраас 
гаднаас шууд хараат. Гадаад валют нь өсчихөөр дагаад бүх юмны үнэ өсчихөж байгаа юм. 

Иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Ингэхээр ядуурал улам газар авна. Хүн шиг амьдрах асуудал мөрөөдөл болж, үнд­сэндээ эрх баригчдын явуулж байгаа улстөрийн бодлого алдаатай байна л гэсэн үг. 

-Дараалсан олон ялагд­лын үнд­сэн шалтгааныг улс­­төр суд­лаач хүний хувьд яг юу гэж үзэж байна вэ. На­мын нэр солих нь алдаа байсан, нөгөө хэсэг нь солих­­гүйгээр бүр явахгүй байсан ч гэдэг? 

-Нам нэрээ солих нь ирээдүйд зөв байсан байж болох ч цаг хугацааны хувьд алдсан болов уу. Ер нь өрнө­дийн улстөрийн намуу­дыг ажиглаж байхад ялсан нам биш, ялагдсан нам нэрээ солих хандлагатай байна. 2008 онд бол нам бүх түв­шинд ялсан. 

Мөн МАН болоод удаагүй байхад МАХН гэдэг өмнөх нэрээ алдчихсан нь том алдаа болсон. “МАН-ын удирдлагууд бид уугуул нэрээ сэргээлээ”, “МАХН бол шинэ нам шүү, бид хуучин нь” гэж нийгэмд ойлгуулсан нь шинэ зүйлийг хүсч байсан залууст огт таалагдаагүй. Энгээд угшил нэгтэй нам хоёр салаад сонгуульд орол­цохоор санал хуваагдах ма­гад­лал өсөөд явчихдаг юм. Энэ ч ёсоор болж олон тойрогт МАХН гай тарьсан нь бодит үнэн. Ер нь нэрээ сольсноос хойш ахиц дэвшил гарсангүй. XXVI их хурын үр дүн тодорхойгүй болоод явчихлаа. Одоо ч гэсэн нам яагаад нэрээ сольсон /уугуул нэрээ сэргээсэн/ бэ гэдгийг жирийн сонгогчид огт мэдэхгүй л яваа. Ийм учраас сольсон гээд хэлчих ганц өгүүлбэр цээжлүүлсэн юм уу. Гишүүдийн оролцоо сул, удирдлагын арга барил хуучинсаг, төвлөрсөн удирд­лагын тогтолцоотой, сон­гогчдын улс­төрийн бо­ловсрол нимгэн, эдийн зас­гийн хөгжил буурай, авли­гад холбогдсон зэ­рэг бусад хүчин зүйлс ялаг­далд нөлөөлсөн байх нь ойлгомжтой. Гэхдээ ялаг­дал бол улстөрийн бүх л намуудад тохиолддог зүйл. Байнга ялдаг нам гэвэл Хятадын Коммунист нам л байх. Ялалт, ялагдал бол Ардчилсан системд байдаг эрүүл үзэгдэл. 

-Салаад амжилт олохгүй гэдэг нь өмнөх сонгуулиудад харагдаж байна. Хоёр на­мын нэгдлийн талаар ямар үзэл бодолтой байна вэ? 

-Төлөөлөгч бүр дотроо нэг бодолтой ирж байгаа гэдэг нь ойлгомжтой. Миний хувьд хоёр нам нэгдэх ёстой гэдэг асууд­лыг хатуу баримтална. Манай үүрийн гишүүдийн хурал дээр ч олонх нь энэ талаар л ярьж байсан. 2012 оны сонгуулиар хоёр салж ороогүй бол МАН УИХ-д 40-өөс доошгүй суудал авчих бүрэн бололцоотой байж гэдэг судалгаа хийгээд сууж байна. 2016 онд олонх болох нь чухал юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн ааш авир нь чухал юм уу. Ялдаг нам болох гэж байгаа бол хоёр нам нэгдэх л хэрэгтэй. Их хурлын хэлэлцэх асуудалд үүнийг оруулж бага хуралд чиглэл өгүүлнэ. Бидний хэсэг залуус ярилцаад “Эв нэгдэл ирээдүй” бүлэг байгуу­лахаар болж байна. 

-Хариуцлагын тогтолцоо энэ намд байдаг уу? 

-Хариуцлагын асуудал шинэ­чилсэн намын дүрмэнд нэлээн сайн туссан байна лээ. Үүнийг их хурлын төлөө­лөгчид ардчиллын олон­хын зарчмаар хэлэлцэж ший­дэх байх. Дүрэм журам гарах нэг хэрэг. 
Харин нийтээр дагаж мөрдөх нь өөр хэрэг. Хариуц­лагын оновч­той тогтолцоо өмнө нь намд бай­сан бол энэ авлигын хэргүүд, ёс зүйн асуудлууд гарахгүй байх бүрэн боломж байсан. Намын нэрээр өндөр албан тушаалд очоод өврөө түн­тийлгээд, хэл ам тат­­лаад яваад байсан нөхдийг зориг­той шийдвэр гаргаад, цаг ту­хайд нь хариуцлага тооцож чадсан бол асуудал хүндрэхгүй байв. Намынхаа шинэчлэлд санаа тавьсан Ц.Даваасүрэн гишүүнийг хөөх биш, авлига авсан нөхрийг хөөх байсан. Нам бол урт удаан хугацаанд оршин байх олон жи­лийн настай институци гэдгийг бүгд сайн ойлгох хэрэгтэй. Нэг хүний буруу үйлдэл намын нэр хүн­дийг унагаж, олон мянган жи­рийн гишүүдийн итгэлийг эвдэн, олон түмэнд буруу ойлголт өгдөг учраас хаа хаанаа үүн дээр онцгой анхаарах учиртай. 

-МАН-ын бага хурлын гишүү­дийн олонх нь Ерөн­хийлөгчийн сон­гуульд орол­цоогүй гэсэн мэдээлэл сонсож байсан юм байна? 

-Бага хурлын гишүү­нийхээ татвар цөөхөн хэдэн төгрөгийг өгдөггүй хэрнээ тэрбумын асуу­далтай АТГ-т шал­гагдаж
байгаа ги­­­­шүүн байвал яах вэ. Өнгөр­­сөн Ерөнхийлөгчийн сон­гуульд МАН-ын бага хур­лын гишүүдийн 60 хувь нь оролцоогүй гэдэг мэдээ­лэл цахим ертөнцөөр яв­сан. Энэ үнэн бол дэндүү хариуцлагагүй асуудал. Би нэр дэвшигчийн багт байсан учраас бас ч гэж гадарлаж л байна. Твиттерээр би ингэж жиргэж байсан. “МАН-ыг мандаж байхад ямбалж байсан нөхдүүд сонгуульд огт харагдахгүй байна шүү! Ирээрэй та нар, ажлаа хий­гээрэй” гэж бичсэн. Ми­ний @mgl_pr хаягаар ороод шал­гаж болно. Мөн маш олон дагагч­тай манай намын лидерүүд болох Н.Багабанди, Сү.Батболд нар залуучуудын бичсэн зүйлийг ядаж ретвийт хийгээд өгөө­гүй. Гэтэл нөгөө талд УИХ-ын дарга, Ерөн­хий сайд нь жиргээд байдаг. Ялгаа байгаа биз.

-Улстөрийн намыг ги­шүүнч­лэлгүй болгож бол­доггүй юм уу. Хэдэн тал болоод л хэрэлдээд байх юм. Энэ чинь л улс орныг ху­вааж байна шүү дээ? 

-Улстөрийн нам бол итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэгдсэн, засгийн эрхийг авах зорилго бүхий улстөрийн байгууллага шүү дээ. Намын гишүүнчлэл бол нэг талаараа ард түмнийх нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө рүү хамаагүй дайрч болохгүй. Тарж бутарч биш, тал талаасаа нэгдэж байж л улс орон оршдог, хөгждөг. Сүүлийн 20 жилд МАН, АН-аас бусад улстөрийн зургаан нам л УИХ, орон нутгийн хуралд төлөөлөлтэй болж байсан. Одоохондоо гишүүнчлэлийн асууд­лыг ярихад эрт байна. Албан ёсны гишүүнчлэлгүй намууд бол байдаг. Ийм нам шинээр гарч ирэхийг үгүйсгэх арга­гүй. 

-XXVII их хурлын үр дүнг товчоор хэлбэл, ямар их хурал болоосой гэж бодож байна вэ. Нам шинэчлэгдэж чадах уу? 

-Шинэчлэгдэхийг бүгд хүсч байгаа бол их хурлын төлөөлөгч сон­гох журмаасаа эхлээд л ардчил­лын зарч­маар, ямар ч квотгүй, бүгд нэр дэвшээд сонгогдох ёстой байсан. Их хурлын нийт төлөөлөгчдийн 10 гаруй хувь нь нэрсийн дагуу буюу дарга нар шууд орж ирж байна. Зарим аймаг, дүүргийн дарга, дэд дарга нарт жи­рийн ги­шүүд хариуцлага ярих ч байсан юм бил үү, тийм биз дээ. Үүрийн ху­рал дээр мөнгө тараах, санал луйвар­даж авах гэсэн оролдлого гарсаар л байна. Ер нь XXVII их хурлаар сай­наа­саа илүү саарыгаа ярилцах ёстой. Энэ удаагийн их хурал бол алга ташилт гэхээ­сээ арга замаа ярил­цах хурал. 

Ядаж алдаагаа илрүү­лээд, засч сайжруулах зөв замаа олж чадсан ху­рал болоосой. Намын дүрмэн­дээ шаардлагатай байгаа өөрчлөл­түүдийг зөв тусгасан, на­мын мөрийн хөтөлбөрөө цаг үедээ тааруулж шинэч­лээсэй. Дарга нарынхаа үгээр явдаг биш, гишүүд, дэмжигчдээ сонсдог нам болоо­сой, Хэсэг бүлэг хүмүүс шийдвэр гаргадаг биш, хамт­даа ярилцдаг, нээлт­тэй нам болоо­сой. Намын удирдлагын бү­тэц нь дотогшоо чиглэсэн захир­гааны биш, гадагшаа олон нийт рүү чиглэсэн болж өөрчлөгдөөсэй, нам сэтгэл­гээний том өөрчлөлтийг зөв менежментээр хийгээсэй, ши­нэ удирдлагууд ажлын арга барилдаа өөрчлөлт гар­­­гаасай, тархи нь зөв ажилладаг, таван үг эвлүү­лээд хэл­чихдэг, эдээр биш эрд­мээр биеэ чимж яваа залуусаа дэмжиж, ши­нэч­­лэлийн үйл хэрэгт түлхүү оролцуулаасай гэж хүсч байна. Шинэчлэгдэн өөрч­лөгдөхийг бүгд хүсч байгаа цагт л шинэчлэл ирдэг юм.
 

Ж.Мөнхжаргал: Намд сэтгэлгээний, дарга нарт арга барилын өөрчлөлт хэрэгтэй байна  
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-10-16 18:00
маш зөв байна. Үнэхээр их хуралд Улаанбаатарын хүнд сурталтангууд үүрээсээ гарч чадахгүй болохоор аймгаас хүчээр квотоор орж байгаа нь маш буруу. Одоо залуучууд та нар л энэ нам болон нийгмийг цэвэршүүлэх хэрэгтэй байна. Намын даргаар залуу хүнийг сонгох хэрэгтэй байна. Энэ хэдэн хуучин нөхөд хэн ч байсан хэрэггүй шүү. Одоо хэзээний хороо найруулаад л явж байгаа. Түүнийг нь илрүүлээд жинхэнэ шудрага залуугаар намын даргаа сонгомоор байна. Одоо наадуул чинь хөдөөний төлөөлөгч нарын толгойг яаж угааж хор найруулах талаар хэзээний хийчихсэн л байгаа даа. ЗАЛУУСАА ТА НАРТ ИТГЭЖ БАЙНА ШҮҮ УРАГШАА
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-14 09:39
zuv shuu zaluus l garch ireh heretei bn medlegtei l hun bn

Бидэнтэй нэгдээрэй