Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-07-24 09:06:41

Өнгөрч буй долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон уншигч танд хүргэе. 


БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад албан ёсоор айлчиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал нь хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал байлаа.

Түүний айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулззалт зохион байгуулж, дараа нь албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Риогийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Холбооны Бүгд Найрамдах Бразиль Улсын Рио де Жанерео хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-нд болох Зуны олимпийн 31-р наадамд Монгол Улсаас жудо бөхийн төрөлд 13, чөлөөт бөхийн төрөлд 10, боксын төрөлд 6, хөнгөн атлетикийн төрөлд 5, буудлагын спортын төрөлд 3, байт харвааны төрөлд 1, хүндийн өргөлтийн төрөлд 1, таэквандогийн төрөлд 1 тамирчин эрх авч, усан спортын төрөлд 2 тамирчин урилгаар оролцохоор болоод байна. Ийнхүү Монгол Улсыг төлөөлж зуны олимпийн наадамд спортын 9 төрөлд 42 тамирчин оролцохоор болсон.

Мөн есдүгээр сарын 7-18-нд паралимпийн 15 дугаар наадамд пара байт харвааны төрөлд 3, пара жудо бөхийн төрөлд 2, пара буудлагын төрөлд 1, пара хөнгөн атлетикийн төрөлд 1, пара паэрлифтингийн төрөлд 1 тамирчин эрх авч, спортын 5 төрлөөр 8 тамирчин оролцохоор болсон байна.

Эдгээр баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнгөрсөн Лхагва гарагт Эзэн Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Тамирчид та бүхний эрмэлзэл бол алтан медаль байх ёстой" хэмээн Риог зорих баг тамирчдад захилаа.


Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдхүүнийг баталлаа

УИХ-ын Анхдугаар чуулганы пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг жийж, гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар боллоо. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхий сайд;

Монгол Улсын Шадар сайд;

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

Гадаад харилцааны сайд;

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Батлан хамгаалахын сайд;

Барилга, хот байгуулалтын сайд;

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

Зам, тээврийн сайд;

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

Эрчим хүчний сайд;

Эрүүл мэндийн сайд.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар 13 яамтай ажиллахаар төсөлд тусгасан. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар болж байна.


УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонгож баталлаа

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн баасан үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороодын хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн тухай асуудлыг хэлэлцэж дэмжин, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Ингээд байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад

-Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвыг Эдийн засгийн байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжавыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны,

-Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг Өргөдлийн байнгын хорооны даргаар тус тус сонгож баталлаа.


Отгонтэнгэр хайрханыг тайх төрийн тахилгын ёслол боллоо

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол Баасан гарагт боллоо. Үүнтэй холбогдуулан Отгонтэнгэр хайрханы талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. 

Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг ажээ. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг. Отгонтэнгэр уулын орчимд байх нууруудаас хамгийн сонин тогтоцтой нь уулын өвөр бэлд байх Бадархундага.

Энэ нуурын хөлд дээр үеэс тахиж ирсэн овоотой бөгөөд хол ойрын зочин, гийчин, мөргөлчин сүсэгтнүүд Очирваань Бадархундагад залбирал үйлдэхдээ хатуу мөнгө, хадганд боосон мөнгөн ембүүг нуурын усанд өргөдөг уламжлал тогтжээ.

Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан нэгэнт цууд гарчээ. Отгонтэнгэрийн рашаан амралт өнө эртний түүхтэй бөгөөд элдэв өвчин зовлонд нэрвэгдсэн хол ойрын хүмүүс жилийн жилд ирж өвчнөөсөө салж илааршин буцдаг гэдэг.

Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Монгол Улсын Засгийн газрын 11 сайдыг томиллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан баасан гарагийн шөнө Байнгын хороодын хуралдааны дараа эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг нэр дэвшүүлсэн байна.

Дээр дурдсан хүмүүсийн Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадварыг харгалзан нэр дэвшүүлсэн хэмээн Ерөнхий сайд онцолсон. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Ихэнхий нутгаар дулаарна

Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орж, ихэнх нутгаар дулаарна. 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн төв хэсгээр,  28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Web admin

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй