“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурхны шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Монголчуудын их шүтээн, Тусгаар тогтнол, хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурхны дүрийг залж, тахих юм.
Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадрааж, дааж явдаг гэж бурхны шашинд үздэг.
Үүнтэй холбогдуулан энэхүү эрхэм дээд шүтээний түүх, домгоос товчхон хүргэе.
Монгол газар орон, хүн зоны цог хийморь, заяа буяныг ивээн даах учрал ерөөлт "Нууцын эзэн очир баригч" буюу Богд Очирваань шүтээнийг залах нь үндэсний ухамсар, сэтгэлгээ, шашин соёл, түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, иргэд олны сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлгэдэл юм.
Богд Очирваань бурхан бол гагц Монгол Улсын шүтээн бус нийт Монгол үндэстний шүтээн болж байгаагийн илрэл. Богд Очирваань шүтээн Монгол түмний энэхүү шүтээний голд нь Монгол хүмүүний буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраагч Богд Очирваань бурханыг байрлуулсан бол баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсаг бурхан, зүүн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны бурхан Манзушир, дээд хэсэгт нь төгс гэгээрсэн Шагжамуни бурхан, баруун талд нь Очирваань бурханы заларсан Отгонтэнгэр хайрхан, зүүн талд нь Бурхан Халдун уулыг дүрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэгг нь төрийн долоон эрдэнийг дүрсэлсэн бол Очирваань бурханы доод хэсэгт номт гурван хаан болох Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хааны хөргийг дүрсэлжээ. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсээр хүрээлүүлсэн нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл болж байгаа аж. Энэхүү шүтээнд Монгол түмний шүтээн болсон бурхад, хаад, хайрханууд багтсан нэгэн цогц шүтээн гэж хэлж болох юм.
Очирваань бурханыг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг тул Монголын шашны дахин сэргэн мандахын бэлгэдэл; Очирваань бурханыг Абтай сайн хан Монголын төр, түмний шүтээн болгон залсан түүхэн баримттай тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл; Эзэн богд Чингис хаанаа Очирвааньйн хувилгаан хэмээдэг тул Чингис хаанаа дээдлэн шүтэхийн бэлгэдэл, Очирваань бурханы орших орон нь Монголын шүтээн хайрхан Отгонтэнгэр уул хэмээх тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл, Очирваань бурханыг Монголын үе үеийн дархад, урчууд олон янзаар бүтээн шүтэж ирсэн уламжлалтай тул XXI зуунд дахин бүтээх нь Монголын урлаг соёлын сэргэн мандлын бэлгэдэл гэж шүтээнийг бүтээжээ.
Бурхан багшийн шадар найман шавь буюу хөвгүүдийн нэг нь Чагнаадорж буюу Очирваань байсан билээ. Тиймээс Бурхан багш Очирвааньд нууц тарнийн олон үндсүүдийг тайлбарлан хэлж өгсөн нь "Гариг нугуудын сан", "Доржнамжимын тогтоол" зэрэг эдүгээ хүртэл залгамжлагдан хүрч иржээ.
Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж шашны судар номуудад олонтаа зарлигласан байдаг. Үүнийг түүхэн үйл явдлууд тодорхой харуулдаг.
Халх Монголын Зая бандид Лувсанпэрэнлэйн \1642-1716 он\ "Өндөр гэгээний намтар"-т бичсэнээр, Абтай хан нь \1554-1588 он\ III Далай лам Содномжамц \1543-1588 он\-тай хоёр удаа уулзсан ажээ. Энэ тухай "Баруун Түвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй" хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.
Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Түвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь, "Зүүн халхын Автай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав. Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв" хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд "Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй" хэмээсэн гэдэг.
Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр "Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай" хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр "Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ. Энэхүү догшин ханаас би ч гэсэн айн сүрдэж байна" хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг "Түргэнээ одогтун" хэмээн зарлиг болжээ.
Ийн байтал Абтай хан хүрч ирэв. Абтай хан Далай ламд мөргөж ирсэн учраа айлдан, "Өчүүхэн би бээр, умар зүгийн хязгаарын Халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө. Далай лам таньтай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ" хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ.
Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болж, "Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай" хэмээн айлтгажээ.
Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад "Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай" хэмээн залжээ. Уг бурхан нь их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг.
Дээр өгүүлснээр, Абтай хан нь Түвд нутгийг зорин очиж Далай лам Содномжамцтай уулзсан нь чухал учир шалтгааны үүднээс гэдэг нь тодорхой бөгөөд Абтай хан нутагтаа байхдаа Түвдийн Далай ламын тухай сонсож, улмаар хуучин Сажа ёсны шашны хийд байсан Эрдэнэ зуу хийдийг дахин сэргээх үүднээс Түвдэд анх ирж уулзсан байна. 1578 онд Хөх нуурт III Далай лам Содномжамцтай Өмнөд Монголын \одоогийн Өвөр Монгол\ Түмэдийн Алтан хан уулзаж Содномжамцад "Далай лам" цол өргөсөн түүхт уулзалтын дараа, 1579 онд Алтан хан нь Хөх нуураас Өмнөд Монголдоо буцсаны дараа, Төв Монголын Абтай хан нь Алтан хан болон түүний шадар түшмэдүүдээс Содномжамц ламын тухай сонсч мэдээд зорин очсон гэдэг.
Хожим Далай лам Содномжамцыг Өмнөд Монголд ирэх үед 1587 онд хоёр дахь удаагаа уулзжээ. Энэ үед Абтай хан мянган цэрэг дагуулан хойд Хятадын нутгаар дайн дайтаж явсан аж. Энэ тухай "...Далай ламыг үзэж ихэд сүжиглэн, мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:
- Чи өчигдөр надад мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цагаан буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил ба бас хаан дүрт Пагвадүвийн \Сажа ёсны лам\ хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд "Очир хан" хэмээх цол хайрласан гэдэг.
Монгол орныг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай "Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Абтай сайн хан тэргүүтэн олон төрсөн нь Монголын ард олон бүгд Очирваанийн ивгээлд байхаар зарлигласны улмаас юм болов уу" гэж бичсэн байдаг.
| Нууцын эзэн очир баригчийн түүх оршивой | ||
| Үзсэн: 6226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.