Шууд Chart

Зуны олимпийн наадмын түүхээс...

2016-08-01 13:23:33

Зуны олимпийн XXXI наадам 2016 оны наймдугаар сарын 5-наас 21 хүртэл  Бразилын Рио-де-Жанейро  хотод зохиогдон байгуулагдах гэж байна. Монгол Улсаас хамгийн олон буюу 50 тамирчнаа оролцуулах гэж буй тус их наадмыг МҮОНРТ үндсэн гурван сувгаар нэгэн зэрэг дамжуулж, үзэгч олонд хүргэнэ.

Үүнтэй холбогдуулан бид уншигч та бүхэнд дэлхий дахиныг нэгэн хүсэл тэмүүлэл, зорилго дор нэгтгэж чаддаг энх тайвны билэг тэмдэг болсон Олимпийн наадмын үүсэл, түүхэн замналын талаар энэ удаад хүргэж байна.


ОЛИМПИЙН ТҮҮХЭЭС...

Грект овог, аймгуудын хоорондын мөргөлдөөнийг намдаах зорилгоор анх МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсны баяраа тэмдэглэжээ. Хожим үүнээс улбаалан Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна.

Олимпийн уул нь Зевс бурханы эзэмшил, бишрэлт нутаг байв. Олимпийн наадам дөрвөн жил тутам зохиогдож, Грекийн хуанлаар огторгуйд сар бүтэн үзэгдэх өдөр, намар буюу хавар болдог байв.


Олимпод оролцогчид

Олимпод оролцох тамирчид, зохиолч хөгжимчин, гүн ухаантан, улс төрчид, худалдаачид, усан цэргүүд олимп болохоос сарын өмнө Элидаас Олимпийн уул руу 57,7 км замыг маршаар аялж очно.

Хөтөлбөр нь тус тусын ажил мэргэжлээр ном хаялцахаас гадна 192,27 метрийн гүйлтээр уралдана. Наадамд оролцогчдыг бүрээн дуугаар алдаршуулан зарлаж, үнэнч шударга оролцох тангараг өргүүлдэг байжээ.

Олимп нь бүх Грекийн наадам байсан бөгөөд олимп болох үед овог аймгуудын хооронд дайн самуунтай байсан бол дайнаа зогсоодог байлаа. Тэр үед зөвхөн эрчүүд уралдаан тэмцээнд оролцдог байв.

Олимпод оролцогчдоос зөвхөн нэг хүн шалгаруулж “Олимпчин” гэдэг цол олгож, олив модны навчин эрх /хэлхээ/- г Зевс бурхны өмнө ёслол төгөлдөр гардуулдаг байжээ.

Хожим  Олимпийн наадам Грекийн хэмжээнээс хальж, хүрээгээ тэлэн Хар тэнгис, Эгийн тэнгис, Африкийн хойт хэсэг, Газар дундадын тэнгисийн баруун талыг хамрах болжээ.


Олимпийн наадмын төрлүүд

Олимпийн эхний 17 наадам нэг өдөр зөвхөн гүйлтээр зохиогддог байсан бол МЭӨ 708 онд /XVIII олимп/ хөтөлбөрт нь бөхийн барилдаан, таван төрөлт нэмэгдэж, 688 онд /XXIII олимп/ нударган зодоон нэмэгдснээр  2 өдөр үргэлжлэх болжээ.

680 онд /XXV наадам/ морин спорт /2 дугуйтай тэргэнд 4  морь хөлөлж  24 тойрог /13,5км/ уралддаг болжээ. Эртний олимпийн наадамд 632 оноос /XXXVII олимп/ хүүхэд оролцдог болсон байна.

Эртний грекүүд олимпийн наадмыг найрамдлын баяр, газар дэлхий дээр аюул заналхийлэлгүй, энх тунх амьдрахын баталгаа гэж хүндэтгэдэг байжээ.


Олимпийн наадмыг хэн хориглосон бэ?

Эртний олимпийн наадам 287 удаа зохиогдоод 394 онд Ромын хаанчлалын үед Нэгдүгээр Феодосе хааны зарлигаар хориглосноор XV зууны турш чимээ тасарч, хожим түүхчид, археологичдийн эрэл хайгуулын буянаар түүхэн замналыг нээн илрүүлж, одоо ч судалгааны ажил үргэлжилсээр байна.


МОНГОЛЧУУД БА ОЛИМП

МҮОХ 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элссэнээр Монголын баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпийн наадамд оролцох бүрэн эрхтэй болжээ.

 Эх сурвалж: МҮОХ-ны цахим хуудас

















Нийтэлсэн: Web admin

Зуны олимпийн наадмын түүхээс...  
Үзсэн: 7423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
энхзул [202.70.46.xxx] 2017-04-28 18:47
Миний сэтгэл бол маш гоё байлаа мөн зарим зүйл нэмэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй