Шууд Chart

Боксчин Д.Отгондалай гэж хэн бэ

2016-08-12 13:50:28

Олон Улсын хэмжээний мастер Д.Отгондалай өнөөдөр Риогийн олимпийн хүрэл медалийн төлөө Алжирын боксчинтой тулалдахаар болсон. Тэгвэл бид энэ удаад түүний талаарх сонирхолтой мэдээллүүдийг уншигчдадаа хүргэж байна.

Д.Отгондалай 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн бөгөөд олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа юм. Түүний хувьд 2014 оны  Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.

15 настайдаа бокст хөл тавив

Тэрбээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж. Харин сарын 1500 төгрөгийн төлбөрөө олохын тулд аргагүйн эрхэнд ээждээ хэлсэн байна. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтэй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ. Ингээд Д.Отгондалай тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн боксын тэмцээнд амжилттай оролцож, амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Сахилгагүй жаалхүү боксоор хичээллэснээс хойш буурь сууж, нэг үгээр хэлбэл, их л даруухан болсон гэдэг.

60 кг жинд тасралтгүй 10 жил тоглож байна

Оки 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элссэн цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг жинд тоглож байгаа. Олон жил жингээ барих, жин хэлбэлзсэн үед хасч, нэмж тохируулна гэдэг тамирчин хүнээс асар их хөдөлмөр шаарддаг. Энэ жиндээ Монголд төдийгүй тивдээ тэргүүлж буй тэрбээр цаашид ч мөн 60 кг жингээрээ тоглох бодолтой явдаг.

Д.Отгондалай гадаад худалдаа-гаалийн мэргэжилтэй

Д.Отгондалай Гадаад худалдаа болон гаалийн удирдлага мэргэжлээр “Зохиомж” дээд сургуулийг төгссөн. Гэхдээ 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон. Дэслэгч цолтой.

Гэргийгээ нутгаасаа сонгосон

Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодезийн багшаар ажилладаг. Дорнод аймагт төрж өссөн тэрбээр Окитой айл хөршүүд байжээ. Харин оюутан цагаасаа үерхэж эхэлсэн аж. Д.Отгондалайнх нэг охинтой бөгөөд одоо 6 настай.

Монгол бичгээр “бокс” гэж шивүүлсэн

Түүний мөрөн дээрх шивээсийг зарим хүн могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт  ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад Уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ.

Оки сэтгэлзүйгээр ялагдахгүй

Түүнийг өрөвч, зөөлөн сэтгэлтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Тэрбээр Казакстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохдоо Филиппин улсын тамирчинд 2:1-ээр хожигдож байжээ. Энэхүү тоглолтын шүүгч буруу шүүсэн гэж Монголын баг тамирчид үзэж байсан. Гэвч Оки би өөрөө л сэтгэлзүйн байдлаасаа болоод шүүгчийн өгсөн ялагдлыг хүлээн зөвшөөрчихсөн гэж ярьсан байдаг. Учир нь тоглолт эхлэхийн өмнө Филиппин тамирчин рингэн дээр гармагцаа түүнийг тун ч хүндэтгэлтэй үнсэж, өргөөд байсан нь манай хүнийг уяраачихсан гэдэг. Энэ үеэс Д.Отгондалай сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх болсноор Азийн наадамд өнөөх Филиппин тамирчинтай дахин учраа таарахдаа илт давуу ялалт байгуулсан билээ. Одоо тэрбээр “Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн бардам хэлжээ.

Нийтэлсэн: Солонгоо

Боксчин Д.Отгондалай гэж хэн бэ   
Үзсэн: 11712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Girl generstion hamtlagiin duuchin yoona [202.70.46.xxx] 2017-01-16 17:01
Үнэхээр мундаг залуу шүү АМЖИЛТ ХҮСЬЕ LOVE LOVE
Зочин [103.229.120.xxx] 2016-08-14 02:48
2 ohintoi ehner ni tehnik tehnologiin kollejid bagshildag 15aas ch baga nasandaa boks togloj ehelsen bh. sahilgagui deggui huuhed bgaagui. ugiin daruu huuhed bsan
Зочин [202.179.26.xxx] 2016-08-12 15:29
олон долоон юмгүй сайн тамирчин

Бидэнтэй нэгдээрэй