Шууд Chart

“Балдорж”-ийн байшин

2016-08-29 12:21:59

2010 оны намрын ийм л нэг налгархан өдөр ”Балдорж” сэтгүүлзүйн шагналын дэд байрын эзэн болчихоод багтаж ядан баярлаж явлаа. Хүний хамгийн үнэтэй юм гэвэл сэтгэл зүрх, хөлс хөдөлмөрөө шингээн байж хийсэн бүтээл. “Алтанд мордсон эрчүүд“ найруулагч Н.Байгаль, “Тоосгоны Оросоо“, найруулагч О.Эрдэнэчулуун “Дэлхийд ганцхан дээлтэй Монгол“ найруулагч Б.Бямбадорж  гээд сайн найруулагч, сайхан зураглаачдын хүчээр энэ том шагналыг авч билээ. Хөдөө томилолтоор яваад ирсэн гэр орон маань үерт урсаж, цай уух ч аягагүй болчихсон дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу  тийм хэцүү үед би энэ шагналыг авсан юм. Харин халуун ам бүл маань бүрэн бүтэн үлдсэн нь их том аз юм билээ.

“Балдорж“ шагнал намайг өргөөд, өндийлгөөд, өөд нь татаад явчихсан, их ч урам өгсөн. Банкны зээлийн урьдчилгаанд шагналын мөнгөө өгөөд орох оронтой болсон хэрэг. Хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Энэ байшин маань зүгээр л гэр хорооллын галладаг гурван өрөө байр. Гэхдээ юугаар ч солихгүй нандин юм гэж хүнд байдаг. Тэр бол миний хүүхдүүд, гэр бүлийн минь хувьд энэ эгэлхэн байшин. 2011 онд би дахин шилдэг аравт багтаж , хүү Ариунбаатар маань 2О15 онд “Балдорж” шагналын шилдэг арвын шагнал хүртэж, охин Амарзаяа маань  арьсан урлалын хоёр ч удаагийн үзэсгэлэнгийн бүтээлээ энэ л байшинд урласан.

“Балдоржийн байшин“ гэж хүндэтгэн дуудна, байшингаа. Охин маань том уран бүтээлч болохоороо энэ байшингаа гоё  урлан болгоно гэж ярьдаг. Өрөө болгон ширээ бүхнээс нь бүтээл төрдөг энэ эгэлхэн байшин маань үр ач нарын маань уран бүтээлийн өргөө болно гэдэгт би эргэлздэггүй. Хөдөө гадаа хөхөрч, гандаж, харшиж, харлаж, хөлс, хөдөлмөрөө шингээн байж хийсэн хэдэн бор нэвтрүүлэг маань энэ том шагналыг авчирч өгсөн болохоор “Балдоржийн байшин“ маань бидний хувьд хамгийн үнэтэй өв. Удахгүй “Балдорж” шагналын шилдгийг тодруулсан эрхэмсэг гэгээн үдэш болно.

Нэгэн мэргэжилтэй, нэгэн зорилготой хэсэг хүмүүс уран бүтээлийн шандаст “хүлгүүдээ“ уралдуулна. Эрхэм дүү нар минь бүтэн жил хийсэн бүтээлээ уралдуул. Монголын сэтгүүлзүйн альхан хэсэгт “хатирч“ яваагаа ч мэдэр. Сэтгүүлчийн оюун ухааныг үнэлсэн шиг үнэлдэг том шагнал цаана чинь хүлээж байгаа. Эгч нь ч гэсэн “явган“ очилтой нь биш. Хоёр хөөрхөн “даага” холбож хөтлөөд очно доо. Энэ жилийн “Баян ходоод” боллоо ч ирэх жилийн түрүү магнай ч байх  ч юм бил үү... “ Уяач“ хүний жаргал эндээ л байдаг юм даа ...

“Балдорж“ шагналын эзэн, МСХ-ны “Ган үзэгтэн“ сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

“Балдорж”-ийн байшин   
Үзсэн: 4201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
deegii [202.131.244.xxx] 2016-08-29 14:13
saihan bichjee buyantai hunii buyan olon hun hurtsen

Бидэнтэй нэгдээрэй