Шууд Chart

Улаан-Үд хот 350 жилийнхээ ойг тэмдэглэж байна

2016-09-02 16:51:50

ОХУ-ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын 350 жилийн ойн баярт оролцохоор  БНХАУ, БНСУ,  Япон  улс, Монгол Улсын  хотын дарга нар  тус хотод хүрэлцэн ирсэн байна.  Мөн  ОХУ-ын  Ангарск,  Омск, Новосибирск , Чита зэрэг хотын дарга нар иржээ.

Улаан-Үд хотын  түүхт ойн баярын хурал өнөө өглөө  эхэллээ. Баярын хурлыг нээж  Улаан-Үд хотын дарга А.М. Голков талархлын үг хэллээ. Тэрdээр энэ түүхт ойн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хотын дарга нар болон эрхэм хүндэт зочиддоо Улаан-Үдчүүдийнхээ өмнөөс  баярлаж байгаагаа  онцолсон.  Мөн энэ ойн баяр нь хотын дарга нарын хувьд  шинэ найз нөхөдтэй болох шинэ харилцаа тогтооход том боломж гэж үзэж байна  гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С. Батболд  Улаан-Үдчүүдэд  ойн баярын мэнд хүргэж,  дурсгалын зүйл гардуулсан юм. “Улаан-Үд хот нь  Монгол Улсын тусгаар тогтнол,  хөгжил цэцэглэлт, иргэдийн хоорондын харилцаатай салшгүй холбоотой түүхт  хот.  Монголчуудад ч ойр санагддаг дотно хот“ гэдгийг онцолсон юм.  Тиймээс  350 жилийн ойн баярт  Монгол Улс өндөр ач холбогдол өгч,  Нийслэлийн Засаг даргын хэмжээнд оролцож байгааг тодотголоо. Улаанбаатар хотын даргын ажил авснаас хойш анхны гадаад  албан айлчлалаа  Улаан-Үд хотоос эхэлж байгаадаа баяртай байна гэлээ.
Улаанбаатар, Улаан-Үд хотын хооронд 1995 онд хамтран ажиллах тухай  хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.  Жил бүрийн эцэст  хамтын ажиллагааны тайлангаа дүгнэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг хотын дарга болон  хотын орлогч даргын хэмжээнд  баталгаажуулдаг уламжлалтай. Хот тохижилт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан,  спорт зэрэг бүхий л салбарыг хамарсан  хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна.  Тухайлбал, Улаанбаатар хотын  тохижилт, хот байгуулалтын хамтын ажиллагааны хүрээнд 200 ширхэг хөх гацуур бэлэглэж байсан юм. 

Түүнчлэн Монгол, Буриадын ард түмний ажил амьдрал,  зан заншлыг  сурталчлах, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилготой  өдрүүдийг  харилцан зохион байгуулдаг. 2000, 2008 онд  Улаанбаатар хотноо  Улаан-Үд  хотын өдрүүд болсон  юм.  2001 онд  Улаанбаатарын  өдрүүдийг Улаан-Үд хотноо зохион байгуулжээ.

Эдийн засгийн харилцаагаа  хоёр хот өргөжүүлэхийн тулд “Дугуй ширээ”-ний уулзалтыг  хийх саналыг хоёр хотын дарга  гаргаад байгаа юм.  Уг уулзалтыг ойрын хугацаанд хийнэ гэж тохиролцжээ.
 
Улаан-Үд хотын  350 жилийн ойн баярт оролцож байгаа  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  уг арга хэмжээнд оролцож байгаа  урд хөрш болон гуравдагч хөрш орнуудын хотын дарга нартай мөн уулзалт хийж байна.


Улаан-Үд хот 350 жилийнхээ ойг тэмдэглэж байна  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй