Шууд Chart

Н.Болормаа: Монгол Улс эргээд иод дутлын эмгэгийн асуудалтай орон болоход ойрхон байна

2016-09-09 12:08:14

Манай улс 1996 онд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлж, улмаар иод дутлын эмгэгийн хувь буурсан байдаг. Харин энэ асуудал өнөөдөр эргээд сөхөгдөж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь сүүлийн жилүүдэд иргэд иоджуулаагүй жамц давс хэрэглэх болсноос гадна хүн амын ерөнхий хооллолтын дэглэмд өөрчлөлт орсноор өөрийн биед шаардагдах иодын хэмжээг нөхөж чадахаа больсон байна. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд жамц болон нуурын давсыг хүнсэндээ ихээр хэрэглэдэг болсон. Жамц давс бидний биед шаардлагатай иодын хэмжээг нөхөж чаддаг уу?

-Манай улсад давс иоджуулдаг цөөн тооны үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэр бол жамц болон нуурын давсыг бага хэмжээгээр иоджуулдаг. Гадуур худалдаанд байгаа давсны зарим нь иоджуулсан жамц давс. Харин үйлдвэрийн аргаар иоджуулаагүй жамц болон нуурын давс бол иодын агууламж бараг байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл Монгол Улс ус, хөрсөнд агуулагдах иодын агууламжаараа дутмаг буюу иодын дуталтай бүс нутагт бүхэлдээ хамрагддаг. Тиймээс манай улсад байгаль дээр байгаа давсанд иодын агууламж бараг байдаггүй. Тэгэхээр энгийн жамц давс хэрэглээд иод авах боломжгүй.

-Давсны үйлдвэрүүдэд давс иоджуулах стандарт, журам байдаг уу?

-УИХ-аас 2003 онд “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх хууль”-ийг баталсан байдаг. Дараа нь 2012 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилсэн. Энэ хуулийн дагуу давсны үйлдвэрлэл худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд зөвхөн иоджуулсан давс үйлдвэрлэж, иоджуулсан давс худалдаалах үүрэгтэй. Тэгэхээр иоджуулаагүй давс зарж байгаа дэлгүүрүүд бол дээрх хуулийг зөрчиж байна гэсэн үг.

Үүнээс гадна манай улсад иоджуулсан давсны стандарт гэж бий. Давс үйлдвэрлэгчид тэр стандартын дагуу өөрийн үйлдвэрлэж байгаа давсандаа тодорхой хэмжээний иодыг нэмж хийж иоджуулах ёстой. Манайд худалдаалагддаг цагаан давсны дийлэнх нь импортоор орж ирдэг. Тэгэхээр давс импортлож байгаа аж ахуйн нэгжүүд манай улсын стандартад тохирсон хэмжээний иод агуулсан давсыг импортлох үүрэгтэй.

-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар манай улсын хэмжээнд иод дутлын хувь ямар байна вэ. Харьцангуй бага гарсан байх гэж бодож байна?

-Иод дутлын эмгэгийн тархалт нилээн амжилттай буурсан. Анх 1992 онд иод дутлын тархалтыг үндэсний түвшинд тогтоох судалгааг хийж байсан юм. Энэ үед иод дутлын эмгэгийн илрэл болох бамбайн бахлууртай буюу бамбай булчирхай нь томорсон хүүхэд,  эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийтдээ 29.2 хувь байсан. Үүнийг бараг хүнд хэлбэрийн иод дутлын эмгэгтэй гэж хэлж болно. Зарим хангайн бүсийн Булган, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл зэрэг аймагт иод дутлын эмгэгийн тархалт их өндөр буюу 30-40 хувьтай байсан. 30-аас дээш хувийн тархалттай бол хүнд хэлбэрийн тархалттай гэж нэрлэгддэг. Монгол Улсын хувьд ийм үе байсан.

Хамгийн сүүлд 2010 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв үндэсний хэмжээний хоол тэжээлийн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар иод дутлын эмгэгийн тархалтын түвшин буурч, бахлууртай хүүхдийн эзлэх хувь 7.2 болсон байсан. 29.2 байснаа 7.2 болж буурна гэдэг бол их сайн буурсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр давсыг иоджуулж хэрэглэх стратегийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж хэлж болно.

-Жирэмсэн эх иод дутлын эмгэгтэй бол хүүхэд нь иодын дутагдалтай төрөх үү?

-Хүн хоол хүнсээрээ иодыг авдаг. Хоол хүнс гэхээр давсыг мөн оролцуулна. Хэрэв жирэмсэн эх иодын дуталтай бол хүүхэд нь мөн иодын дутагдалтай төрдөг. Төрөлхийн иодын дутал буюу хэвлий дэх үеэсээ эхлээд дуталтай байж байгаад иодын дуталтай хэвээрээ л төрнө гэсэн үг. Үүнээс сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэй нэгдүгээрт иоджуулсан давс хэрэглэх ёстой. Жирэмсэн эхийн хооллох дадал болоод бие физиологийн хувьд маш их өөрчлөлт ордог. Хоол хүнснийх нь хэрэгцээ нэмэгддэг. Тийм болохоор зөвхөн иоджуулсан давс хэрэглээд тухайн жирэмсэн эх өөрийнхөө болон ургийнхаа иодын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй гэдгийг сүүлийн үед гадны орнууд судалгаагаар батлаад байгаа.

2010 онд судалгаа хийхэд иоджуулсан давсны хэрэглээ нэмэгдсэн байсан ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иодын дуталд өртөх эрсдэлтэй эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр буюу 40 гаруй хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн иоджуулсан давс хэрэглэлээ гээд иод дутлаас бүрэн сэргийлэх боломж хомс. Тиймээс ЭМЯ-аас жирэмсэн эхчүүдэд тусгай нэмэлт бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Жирэмсний витамин буюу нэмэлт бэлдмэлүүд бүгдээрээ иодын агууламжтай байдаг.

-Иодыг давснаас гадна өөр ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой вэ?

-Сая дурдсан амин дэм, эрдсийн холимог бэлдмэлүүдээс авч болно. Хоол хүнсний тухайд далайн гаралтай хоол хүнсэнд иод агуулагддаг. Тодруулбал, хавч, далайн загас, туна, салмон загас зэрэг манай улсад төдийлөн өргөнөөр хэрэглэгддэггүй хүнсний бүтээгдэхүүн байна. Манай улсын хувьд мэдээж нуурын болон голын загаснууд байна л даа.  Гэхдээ иодын агууламж багатай бүс нутгийн голын загасны махыг идсэн ч хангалттай иодыг авч чаддаггүй.

Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд бол мэдээж манайд ховор л доо. Харин худалдаанд хамгийн өргөн байдаг нь далайн байцаа. Далайн байцааг тогтмол хэрэглэдэг хүн тодорхой хэмжээний иодыг авах боломжтой.

-Давсгүй хоол идээд хэвшчихсэн хүмүүс байдаг. Зарим бүсгүйчүүд жин хасахын тулд давсгүй хоол иддэг. Удаан хугацаанд давсгүй хоол идсэн хүн иод дутлын эмгэгт өртөх магадлал өндөр болж байна уу?

-Тэгнэ. Хоолондоо давс хийдэггүй, эсвэл бага хийдэг хүмүүс өөр төрлийн хагас бэлэн бүтээгдэхүүнээс иод авч болно. Жишээ нь,  хиам идэж болно. Өмнө нь дурдсан стандартын дагуу хүнс үйлдвэрлэгчид ч гэсэн иоджуулсан давс хэрэглэх ёстой. Хиам үйлдвэрлэж байгаа газрууд мөн энэ журмыг дагана. Харин хагас бэлэн бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй хүн иодын бэлдмэл хэрэглэж иод дутлаас сэргийлэх ёстой.

-Тэгэхээр давс болон хагас бэлэн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэггүй хүн яг ийм хугацааны дараагаас иодын дуталд орж эхэлнэ гэж тооцоолох боломж бий юу?

-Яг тэгж тооцоолох боломж байхгүй. Яагаад гэвэл иод нь дэгдэмтгий, ууршимтгай нэгдэл байдаг. Дээр нь хүний биед уддаггүй. Өнөөдөр би иодтой давстай хоол идлээ гэхэд өдөртөө л бараг илүүдэл нь шээсээр гарчихдаг. Тэгэхээр өнөөдөр би иодтой хоол идсэн, дахиад сарын дараа иднэ гэж хэлэх боломжгүй. Хүний бие махбодь өдөр бүр л хэрэгцээтэй иодоор дутдаг.

-Иод дутлын эмгэгт өртөж эхэлж байгаа хүнд илрэх шинж тэмдэг нь юу вэ. Иргэдийн олонх нь бамбай булчирхай томордог гэж л мэддэг?

-Бамбайн бахлуур бол хамгийн сүүлд нь илэрдэг шинж. Бамбай нь томорсон гэвэл тэр хүүхэд хэдэн сар, жилээр иодын дутагдалтай байжээ л гэж ойлгоно.

Тэрнээс өмнө нь илрэх шинжүүд их бүдэг. Шууд өвдөөд, биед өөрчлөлт орохгүй. Ерөнхиийдөө ядарч сульддаг, даарамтай,  сульдамтгай болох гээд тод илрэх шинж байхгүй хэрнээ цаанаа хор уршиг нь явагдаж байдаг эмгэг л дээ. Энгийн хүн битгий хэл эмч ч гэсэн шууд хараад бахлуур нь томроогүй л бол иодын дуталд оржээ гэж хэлэх боломжгүй.

Харин яг шинжилнэ гэвэл 24 цагийн турш шээсэн дэх иодын агууламжийг нь үзэж болно. Эсвэл бамбайн дааврын шинжилгээ хийлгэж болно.

-Манай улсын хувьд өнөөдөр иод дутлын эмгэг нийгмийг түгшээсэн өвчин биш болсон гэж хэлж болох уу?

-Ерөнхийдөө тархалт буурсан. Дэлхийн зарим улс орон ард иргэдээ иод дутлын эмгэгээс бүрэн ангижрууллаа гэж зарладаг. Манай улсын хувьд 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд хүн амаа иод дутлаас бүрэн ангижруулчихлаа гэж зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ингэж зарлах хэмжээнд хүртэл ойртож очсон.

Харамсалтай нь хүмүүс хөтөлбөр хэрэгжээд ид ярьж байх үед анхаардаг хэрнээ хэдэн жилийн дараа мартчихдаг юм. Бидний үеийнхэн иод дутлын талаар мэддэг ч залуу үеийнхэн маань энэ талаар төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс энэ асуудлыг байнга л ярьж байх хэрэгтэй. Иодын дутлаа бүрэн шийдчихсэн байсан ч гэсэн бид дараа дараагийнхаа үед энэ талаар таниулж ухуулга сурталчилгаа хийж байх ёстой. Хэзээ ч мартах ёсгүй. Яагаад гэвэл монголчууд бид хэдэн зуун жил өнгөрсөн ч иодын дуталтай энэ бүс нутагтаа амьдарч л байна шүү дээ. Тиймээс орхиж болохгүй асуудал юм.

Бас нэг асуудал бол хууль дүрэм, хөтөлбөр ярихаа больчихоор мэргэжлийн хяналтын байгууллагууд нь хяналт шалгалтаа сулруулаад, үйлдвэрлэгчид нь ч гэсэн анхаарал тавихаа болиод эхэлж байна. Манай улсад худалдаалагдаж байгаа давсны дийлэнх нь импортоор орж ирдэг. Ийм давсыг иоджуулсан уу, иодын агууламж нь манай улсын стандартад тохирч байна уу гэдгийг байнга шалгах ёстой. 2010 оноос хойш энэ асуудал орхигдоод захын дэлгүүрт л иоджуулаагүй цагаан болон жамц давс худалдаалж байна.

Бид асуудлаа ингээд орхичихвол иодын дутал дахиад л гараад ирнэ. Европт 1960-аад оны үед иод дутлын асуудлаа шийдчихсэн хэрнээ 1980-аад онд дахиад тэр нь том асуудал болоод гараад ирсэн жишээ бий. Монгол Улс ч гэсэн ийм орнуудын араас ороход ойрхон байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Болормаа: Монгол Улс эргээд иод дутлын эмгэгийн асуудалтай орон болоход ойрхон байна  
Үзсэн: 4307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй