Шууд Chart

Баяртай Рио, сайн байна уу Токио

2016-09-19 15:38:30

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам зуны паралимп өндөрлөснөөр Бразилийн Рио-Де-Жанейрогийн зуны олимп албан ёсоор хөшгөө хаалаа. Латин Америкт анх удаа болсон энэ удаагийн олимпийн наадмыг дурсах зүйл тун олон байсан юм.    

Дэлхий нийт Рио-гийн олимпийг ногоон наадам, Латин Америкийн гал цогтой бүжиг, карнавал, Зика вирус, Дилма Руссеффын төрийн тэргүүний албан тушаалаа алдсан жагсаал, цуглаан хэрүүл маргаан дагуулсан үйл явдлаар санахаар боллоо.

Харин Монголчуудын хувьд гавьяат тамирчин, шилдэг жүдоч Д.Сумьяагийн барилдаан, чөлөөт бөхийн болон боксын шүүлтийн эргэлзээ дагуулсан асуудал, паралимпийн хоёр хүрэл медаль илүү сэтгэлд ойрхон буухаар байна.

Паралимпийн төгсгөлд зуны олимпийн наадмын тугийг албан ёсоор Японы нийслэл Токио хотын даргад гардуулан өглөө. Ингэснээр одоо зуны олимпийн наадмын туг Токио хотод байрлах болно. Энэ үйл явдалтай холбогдуулан Японы Засгийн газар Рио хотод өөрийн ёс заншил, уламжлал соёлыг сурталчилсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгууллаа.

Мэдээж энэ арга хэмжээг самурайн тулаан, нүд алдам гейшагийн бүжиггүй төсөөлөх боломжгүй бол орчин үеийн Японы урлагийн чухал нэг төрөл болох аниме, мангагийн баатруудаа мөн Рио-гийн олон нийтэд харуулсан байна.

Энэ удаа Рио-Де-Жанейрогийн зуны олимпийн наадмын дэлхий дахинд өгүүлсэн гол санаа нь “Ногоон дэлхий, эх дэлхийгээ хайрлая, мод тарья” гэсэн уриа байв.

Дэлхийн ногоон уушги гэж нэрлэгддэг Бразил улсаас ийм төрлийн санаачилга гарах болов уу гэсэн таамаглал олон хүнд байсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолж байлаа.

Тэгвэл өвөрмөц ёс заншлаа, орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлж чадсан Токио хотын зуны олимпийн наадам ямар уриан дор явагдахыг яг таг хэлж чадах хүн ховор байна.

Токио хотын шинэ дарга Юрико Койкегээс энэ талаар асуухад “Японы ард түмэн содон, чамин зүйл бодож олохдоо гаргуун учраас 2020 оны зуны олимпийн наадмыг үзсэн хүмүүс энэ шийдвэртээ огтхон ч харамсахгүй гэсэн баталгаа гаргаж өгнө” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баяртай Рио, сайн байна уу Токио   
Үзсэн: 1986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй