Шууд Chart

Ц.ЭРДЭМБАЯР: Нийгмийн хариуцлага гэдэг бол барилга барихын нэр биш

2013-10-21 08:28:31

Сүүлийн жилүүдэд барилгын салбар сэргэж, түүнийгээ даган барилгын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа нь хэн бүхний нүдэнд тодорхой харагдах боллоо.

Хотхон, хорооллууд баригдахын хэрээр мөн түүнийг дагасан гэр хорооллын өрх айлуудын газар чөлөөлтийн ажил давхар явагдаж байгаа билээ.
 
Энэхүү газар чөлөөлтийн ажил хэрхэн явагдаж байгаа болон газрын эзэн айл өрх, иргэнтэй барилгын компанийн ажил хариуцсан төлөөлөл яажшуухан ойлголцож, зөвшилцөж чадаж байна вэ? Газар чөлөөлтийн ажлын явц ямар байна вэ гэх мэт эдгээр асуултанд хариулт олохоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй VII  хороолол буюу “Хангай” хотхоны барилгын ажлын төслийг хэрэгжүүлэгч “Beren” группын газар чөлөөлт хариуцсан төслийн удирдагч Ц.Эрдэмбаяртай цөөн хором хөөрөлдлөө.
 
Юун түрүүнд “Хангай” хотхоны газар чөлөөлтийн ажил хэдийнээс эхэлсэн бэ гэдгээс яриагаа эхлэе.
Манай компанийн “Хангай” хотхон дахь төслийн ажил гурван жилийн өмнөөс эхлэлтэй. Бусад компаниудыг бодвол туршлагатай компани юм гэж хэлж болно. Бид БХБЯ болон хотын дахин төлөвлөлтийн дагуу “Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн төлөвлөлтөнд дээр хамтарч ажилласан.
Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимтэй хийсэн. Ер нь Улаанбаатар хот маань 1 сая гаруй хүн амтай болчихлоо. Хотын хүн амын 70 хувь нь гэр хороололд өнөөдрийн хүртэл амьдарсаар байна.
Өнөөдөр хотын бид нарын гол тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол болоод байгаа нь хэнд ч нууц биш. Агаарын бохирдолтой “орон сууц”-жуулч тэмцэхгүй юм бол агаарын бохирдолоосоо хэзээ ч салж чадахгүй. Монгол банкны нэгэн судалгаа байдаг. Монголчууд ойрын 20 жилдээ эрүүл мэндийн салбартаа доод тал нь 50 тэрбум ам.доллар зарцуулна гэж судалгааныхаа тайланд дурдсан нь бий.
Дарь-Эх, Дэнжий 1000 хоёрын хооронд хөндий хэсэг байдаг. Энэ хөндийд гэр хорооллын утаанууд хуримтлагдан тогтчихдог. Өвөлдөө салхи багатай учраас энэ орчмын өрх айлууд, иргэд эрүүл мэндээрээ маш ноцтой хохироод өнгөрдөг. Бас хөрсний бохирдол маш том асуудал болсон.
Тэр ч утгаараа энэ бүс нутгийн газрыг нэн түрүүнд орон сууцжуулах шаардлагатай юм байна гэж дахин төлөвлөлтийнхөн үзсэн. Тэгээд манай “Beren group”-ийнхэн дахин төлөвлөлтөнд нь орж, барилгажуулах батламж, эрхээ албан ёсоор нь аваад ажилдаа орсон.
Бид VII хорооллын энэхүү бүс нутагт 3000 гаруй өрх айлын 40 барилга, хоёр бага сургууль, хоёр цэцэрлэгээс бүрдсэн “Хангай” хотхоныг сүндэрлүүлэхээр ажиллаж байна. Эхнээсээ эхнийн барилгууд маань босоод эхэлчихсэн. “Хангай” хотхоны 10 барилга нь нэг цогцолбор болно. Нэг цогцолбор бүр нь доороо 120 автомашины граштай байх юм. Дөчин барилга буюу дөрвөн цогцолбор барилгажилт нь доороо 480 автомашины багтаамжтай. Мөн байрнуудын голд 200 гаруй автомашины багтаамжтай, дээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх бололцоотой иж бүрэн тоглоомын талбай даа хоёр давхар грашийг барихаар төлөвлөсөн байгаа.
Учир нь анхнаасаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үүргээ биелүүлэх үүднээс цагдаа, хороо, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудал болон бусад олон асуудлыг бид цогцоор нь шийдэхээр зорьж байна. Нийгмийн хариуцлага гэдэг бол барилга барихын нэр биш. Хүнрүүгээ ойртсон барилга байгууламж, үйлчилгээ, тав тухыг хэлдэг юм.
Ер нь хотын дахин төлөвлөлт гэдэг бол манай монголчуудын хувьд цоо шинэ ойлголт юм. Энэхүү ойлголтыг урьд нь Турк, Япон, Солонгос улсад нэвтрүүлэн амжилтанд хүрсэн байдаг.
"Хангай" хотхон
 
Өрх айл, иргэн бүр өөрт олдсон ганц газраа аль болох үнэ цэнэтэй байлгахыг бодно. Барилгын компани ч мөн адил нийгмийн хариуцлагаас гадна ашигаа ч бас бодох хэрэгтэй болно. Хоёр талын зөвшилцөл, ойлголцол дээр наймаа явагдаж байна.
Бид энэ жил 50-60 өрх айлдаа тохиролцож, нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлүүлж авлаа. Барилга барих талбайгаа бэлтгэж авлаа, бэлтгэсэн талбай дээрээ өнөөдрийн байдлаар 10 барилгын ажлын суурийн ажил нь эхлээд явж байна.  Өөрөөр хэлбэл эхний ээлжийн 700 гаруй өрх айлын орон сууцны ажил эхэлчихсэн гэсэн үг. Энэхүү 700 айлын орон сууцанд газраа чөлөөлж өгсөн 50-60 өрх айл эхнийн ээлжинд шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардаж авах учиртай юм.
Зарим нэг буюу одоохондоо нүүх шаардлагаггүй өрх айлууд бидэнтэй гэрээ хийчихээд хашаандаа амьдарч байгаа. Харин нүүлгэх шаардлагатай айлуудаа бид нүүлгэн шилжүүлж, түрээсийн мөнгийг нь өгсөн.
Нийслэлийн хэмжээнд 10 гаруй барилгын компани дахин төлөвлөлтийн ажилд оролцож байна. Түүнээс зөвхөн VII хороололд гурван барилгын компанийн ажил явагдаж байгаа юм.
 
Бид ойлголцох гэж дахин дахин уулздаг, зөвшилцдөг
 
Барилгын компаниуд маань чухам ямар стандарт, үндэслэл дээр тулгуурлан газрын үнэлгээг гаргаж байна. Газрын үнэлгээ нь өөрөө бодиттой байж чадаж байна уу?
“Хангай” хотхоны байршил Чингис хааны талбай буюу “0” цэгээс 1,8 км зайнд оршдог учраас “А” бүсд ордог. Энэ нь өөрөө харьцангуй хотын төвд гэсэн үг. Газар яагаад үнэт ордгийг манай иргэд өөрсдөө сайн ойлгохгүй төөрөх тохиолдол мэр сэр байна. Иргэд өөрсдөө манай газар “А” зэрэглэлд байдаг гээд яриад, далайн эргийн газар шиг, хаус шиг үнээр хөөсрүүлээд байдаг.
Газар үнэ хүрдэг хэд хэдэн тохиолдол байдаг. Нэгдүгээрт, дэд бүтэц байх ёстой. Хоёрдугаарт, тухайн газрын ойр орчимд 100-200 метрийн зайд өндөр өртөгтэй барилга байгууламжууд байх ёстой гэсэн наад захын үнэ цэнэтэй шаардлага байдаг. Тиймээс баруунд газрын үнэ цэнийг тогтоодог хөндлөнгийн шинжээчид ажилладаг. Энэ газар нь тэдээс тэдийн хооронд үнэтэй юм байна гээд тогтоодог. Тэр үнэ нь хоёр талын наймаа хийх үнийн баримжаа нь болоод явдаг. Монголд ийм зүйл байхгүй, одоо л зөвхөн хөгжиж эхлэх гэж байна.
Тохиролцоо яаж хийгддэг вэ гэхээр иргэдийн сэтгэл ханамж, газар сонирхож буй компанийн сэтгэл ханамж хоёр дундаа нийлж байж харилцан ашигтай зах зээлийн тохиролцоо бий болдог юм.
"Хангай" хотхон
 
Иргэдтэй харилцан ашигтай тохиролцож чадна гэдэг бол амаргүй ажил. Тиймээс бэрхшээл байх юм уу, тэр бүгдийг хэрхэн гэтлэн давж байна вэ?
Гэр хорооллыг барилгажуулна гэдэг бол өөрөө том бүтээн байгуулалтын ажил юм. Нэгдүгээрт, иргэдтэй ойлголцох ёстой. 500 метр кв талбайдаа айл хоёр өрөө байр биш түүнээс илүү нөхцлийг шаардаж болно. Ийм хандлага байдаг. Үүнийг бид үгүйсгэх аргагүй юм. Хэн ч байсан өөрийнхөө газрыг үнэ цэнэтэй байлгахыг бодно.
Барилгажилтын ажил эхэлсэн үед зарим нэг замын гарцыг нээх үүднээс айлуудтай ойлголцох, тохиролцох тал дээр багагүй бэрхшээл гардаг. Тэр бүхэнд бид хэн хэнтэй ашигтай цэвэр зөвшилцөл, шийдэл олж чаддаг.
Харин тохиролцож, зөвшилцөж чадахгүй өрх айл, иргэний асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Ихэнх хөгжингүй улс орнуудад нийтийн эрх ашиг гэдэг эрхзүйн орчин үйлчилдэг. Уучлаарай танай газар дээгүүр ийм ач холбогдолтой нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалт хийгдэх гэж байна гээд нөхөн олгворыг нь өгөөд албадан нүүлгэн шилжүүлдэг тогтолцоотой.
Тохиролцож чаддаггүй, өөрийнхөөрөө зөрүүдлэн гэдийчихдэг айл өрх, иргэн өнөөдөр зууны 10 хувийг л эзэлж байгааг нуух юун. Гэсэн ч бид тухайн айл өрх, иргэнийг ингээд хаячихдаггүй. Бид ойлголцох гэж тууштай дахин дахин уулздаг, зөвшилцдөг юм.
Түүнчлэн нэг хашаанд ганц өрх амьдардаггүй. 1-3 өрх айл амьдрах тохиолдол их байдаг. Тэд манай охиных яах уу, хүргэнийх яах уу, дүүгийх яах уу... Тэд хаашаагаа явах юм гээд яриад эхлэнэ шүү дээ. Энэ бүхэнд бид дахиад зөвшилцөх гэж уйгаггүй, тэвчээртэй, хүлээцтэй оролдлог хийдэг.
"Хангай" хотхон
 
Иргэн Дорж 0,4 метр талбай хашаатай ганц өрх айл байхад, Бат гэдэг айл мөн адилхан талбай бүхий хашаатай мөртлөө гурван өрх айлтай байна гэж бодий. Иргэн Дорж нэг өрөө байр авсан байхад, иргэн Бат бид гурван өрх айл гурван өрөө юм уу, тус бүр нэг нэг гурван байр авна гэж болохгүй л байхгүй юу. Энэ чинь өөрөө шударга бус тохиролцоо наймаа болно. Яагаад гэвэл адилхан газартай учраас болохгүй л байхгүй юу...
Тэгэхээр томоохон хашаатай өрх айл нэг өрөө байр нэг ширхэг, хоёр өрөө байр нэг ширхэг авахаар гэрээ хийсэн тохиолдол байгаа юу, нууц биш бол?
Тиймэрхүү өрх айл багагүй бий... Мэдээж газрын хэмжээ нь том, дээрээ томоохон үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй өрх айлууд байдаг. Бид тэрхүү тухайн айлуудын үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг нь ч мөн харгалзаж үзэхгүй бол бас болохгүй шүү дээ.
Та бүгдийн эхлүүлээд байгаа “Хангай” хотхонд анх хичнээн айл өрх болон байгууллага байсан бэ?
“Хангай” хотхонд гэхэд л 150 өрх айлын хашаа анх байсан. Энэ нь өрх айлын тоо биш зөвхөн хашааны тоо шүү. Харин “Хангай” хотхон зам дагуу биш, айлуудын голоор байршдаг тул аж ахуйн нэгж байгууллага цөөхөн талдаа 5-6 ААН байгууллага байсан. Тэдэндээ баригдаж буй орчин үеийн “Хангай” хотхоны бизнесийн үйл ажиллагаа явуулж болохуйц барилга байгууламжид тохиролцон оруулах талаар ярилцаж байгаа.
Цаг зав гарган сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Бүтээн байгуулалтын ажил тань амжилт хүсэе.
"Хангай" хотхон

Ц.ЭРДЭМБАЯР: Нийгмийн хариуцлага гэдэг бол барилга барихын нэр биш  
Үзсэн: 7878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-09 00:31
Hudalch arai denduu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-20 11:39
9sardaa orchih bho
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-04-28 13:25
хангай хотхонд байрны захиалга өгсөн энэ оны 9 р сард ашиглалтанд орно гэсэн одоо ажил нь эхлээгүй л байна бэрэн группийг чадалтай найдвартай гэж бодоод захиалга өгчихсөн юм

Бидэнтэй нэгдээрэй