Шууд Chart

“Хэв журмын урамшилт эргүүл” энэ сарын 10-наас ажиллаж эхэлнэ

2016-10-07 14:39:14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмыг баталсан. Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500 иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын таних тэмдгээр ханган ажиллуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр тухайн оршин суугаа орчиндоо идэвхтэй ажиллах 2500 иргэнийг сонгон авч энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өөрсдийн болон бусын аюулгүй байдлыг ханган, хэрхэн уялдаа холбоотой ажиллах, хууль эрхзүйн үндэслэлийг танилцуулж, тэдний ажил үүргийн талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.
 
Нийслэлийн иргэдийн идэвх, санаачилгад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж, өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газраас тайлбарлалаа.

“Хэв журмын урамшилт эргүүл” энэ сарын 10-наас ажиллаж эхэлнэ   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй