Шууд Chart

Хоёр орны сэтгүүлчид нэг замаар...

2016-10-10 15:51:00

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны  хойд хилийн танилцах аяллын тоймоос-

Хүссэн эх сурвалжуудаасаа мэдээлэл авч, хэрэгтэй, сонирхолтой сэдвүүдээ  сурвалжлах  бололцоо нээлттэй байсан нь энэ удаагийн аяллын  нэг онцлог байлаа.

Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан баг есдүгээр сарын 24-нөөс есдүгээр сарын 30-ны өдрүүдэд  “Нэг бүс нэг зам”  боомтоор аялах аяллаар  Хятад-Монголын хил дагуух зарим боомт, суурин, хотын амьдралтай танилцлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, МСНЭ-ийн хамтран зохион байгуулж байгаа ээлжит аялалд Монголын 20, ӨМӨЗО-ны 10 гаруй сэтгүүлч оролцлоо. Аялал тус улсын Эрээн хотоос эхэлж, Хөх хот, Халиут суурин, Ганц мод, Ордос хот гэсэн маршрутаар үргэлжиллээ.

Хөх хотын нисэх буудалд хоёр орны сэтгүүлчид

ӨМӨЗО төмөр замын 2, авто замын 12, Олон улсын агаарын тээврийн  4 гээд нийтдээ 18 боомттой. Монгол Улстай хиллэдэг 10 боомт бий. Хамгийн том нь Эрээний боомт. Тус боомтоор жилдээ 2 сая гаруй хүн зорчдог.


Татваргүй бараа худалдаалах төвд  монгол бараа борлуулалт сайтай

Эрээн хотод ашиглалтад ороод удаагүй байгаа “Хилийн худалдааны бүс” хоёр орны сэтгүүлчдийн анхаарлыг ихээр татаж байлаа.  Хятад улсын хилээс 20 км-ын зайд байрлах энэ төвөөс нэг  хүн  өдөрт 8000 юаниас ихгүй бараа бүтээгдэхүүнийг гаалийн болоод бусад татваргүйгээр худалдан авах боломжтой. Өнгөрсөн сард тус худалдааны бүсэд манай улсын 140-өөд аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийхээ  үзэсгэлэнг гаргасан байна.

Эрээний хилийн худалдааны бүсд монгол ноос, ноолуур,арьсан эдлэл болон хүнс борлуулалт сайтай...

Энэ үед зарим аж ахуйн нэгжийн  бараа гуравхан хоногт дуусч байсан нь худалдаа эрхлэгчдэд ихээхэн урам өгчээ. Биднийг Эрээн хотын Хилийн худалдааны бүс буюу худалдааны төвд очиход манай 10-аад аж ахуйн нэгж бараагаа худалдаалж байлаа. “Хятадууд  цахимаас мэдээлэл авч хаа холоос ирж  хүнс,  арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдан авч байна” гэж худалдаа эрхлэгчид ярьж байлаа.

ӨМӨЗО Эрээн хотын нийт 9 км2 газарт  “Хилийн худалдааны бүс” буюу чөлөөт худалдааны бүсийг байгуулсан байна. Одоогоор  50 сая юанийн хөрөнгө оруулсан.  Цаашид 200 сая юанийн хөрөнгийг тус бүсэд зарцуулна гэж ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагууд мэдэгдсэн.  Тус Хилийн худалдааны бүс өргөжиж, худалдаа арилжаа нэмэгдсэнээр Хятад, Монголын тал Орос, цаашлаад  Европын зах зээлд гарах  гарц нэмэгдэнэ гэж үзэж буй юм байна. Жилдээ 200 000 жуулчин хүлээн авдаг Эрээн хотод  Монголын худалдаачид, бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх том боломж бий болно гэж  Эрээн хотын дарга  н.Цогзол  хэлж байсан юм.

хилийн худалдааны бүсэд бараагаа худалдаалж байгаа монголчууд...

Тус “Хилийн худалдааны бүс”-д нийт 115 нэр төрлийн бараа ямар ч татваргүй борлуулж болох юм байна. Худалдааг өргөжүүлэхийн тулд талбайн түрээсийн үнийг бууруулах  Монгол худалдаачдын саналыг Эрээн хотын удирдлагууд хүлээн авч хөрөнгө оруулагчидтай тохиролцохоо мэдэгдлээ.


“Хятад улс хэлэлцээрийнхээ дагуу  Ганц модын хил хүртэл төмөр замаа тавьсан"

Хятад-Монголын сэтгүүлчдийн “Нэг бүс нэг зам боомтоор аялах аян”-ы үдлэх нэг газар нь  ӨМӨЗО-ны Ганц мод боомт байсан  нь Монголын сэтгүүлчдэд том олз байлаа.  Оюутолгойн зэсийн баяжмал, Таван толгойн нүүрс гээд Монголын байгалийн баялаг гардаг хамгийн том гарц дахь Хятадын боомт хэрхэн ажилладаг, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг хэрхэн хянаж шалгадаг, Хятадын хил гаалиар нэвтрэхэд ямар  хугацаа зарцуулж байгаа зэрэг нь сэтгүүлчдийн сонирхол татаж байсан юм.  ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дунд хошууны нутаг дахь  Ганц мод боомт нь авто замаар  ачаа тээвэрлэдэг  хамгийн том боомт. 

Ганц мод нүүрс тээвэр...

Тус боомт Бээжин-Лхас чиглэлийн хурдны  замтай, мөн Тяньжин, Хуанхуа боомттой төмөр замтай холбогдож ОУ-ын эрчим хүчний тээврийн гол маршрут  болон өргөжиж буй юм байна. Мөн өөрийн орондоо хил гаалийн хяналт шалтгалтын автомат систем  нэвтрүүлсэн  анхных   нь Ганц мод боомт юм байна. Тухайлбал, Ганц мод боомтод гааль, үндэсний хорио цээр, хилийн хяналт шалгалтын иж бүрэн барилга байгууламжийг байгуулж,  зам, харилцаа, холбоо, усан хангамж, цахилгаан зэргийг нэвтрүүлжээ.  Зэс, нүүрс болоод бусад түүхий эдийн бүтцийг  шууд нарийвчлан судлах  иж бүрэн лабораторийг ч сэтгүүлчид үзэж танилцлаа.

Ганц мод боомт

Нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэдэг жолооч нар машинаасаа буулгүйгээр 3-5 секундэд шалгуулж хил нэвтрэх боломжтой болсныг мөн боомтын ажилтнууд харуулсан.  Энэ бүхний үр дүнд сүүлийн 7 жилд авто машины нэвтрэх чадвар 5 дахин өсч, өдөрт 2000 машиныг хилээр нэвтрүүлэх боломжтой болсон гэж Ганц мод боомтын удирдлагууд мэдэгдэж байв. Тус боомтын бүтээн байгуулалтад  БНХАУ одоогоор 2 тэрбум 300 сая юань зарцуулаад байгаа юм байна.

Ганц мод боомтоос нүүрсийг вагоноор тээвэрлэнэ

Одоо харин  Ганц мод боомт  монголчууд  биднээс хэлэлцэн тохиролцсоны дагуу төмөр замаа тавихыг хүлээж байна. Энэ тухай  боомтын удирдлага мэдэгдэхдээ “Бид төмөр замаа хил хүртэл бүрэн тавьсан. Хятад-Монгол талуудын  тохиролцсон цэгүүд зөрсөн болохоор  хил хооронд, маршрут зөрсөн зайнд хэн  хэрхэн хөрөнгө гаргаж төмөр зам тавихыг одоогоор хэлж мэдэхгүй” гэж байлаа.


Монгол  жолооч нарын хүүхдүүд “Ганц мод” бага сургуульд суралцаж байна

Ганц мод боомтын бага сургууль, цэцэрлэгт  одоогоор 49 монгол хүүхэд цэцэрлэгийн ангиас 4 дүгээр ангид сурч байна. Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтын ойролцоо амьдардаг зарим эцэг, эхчүүд хил гарч хүүхдээ цэцэрлэгт өгдөг болохыг ч хил дээр ажилласан сэтгүүлчид олж мэдсэн юм.  Гэхдээ голдуу  Хятадын компанид хүнд даацын машин  барьдаг  монгол жолооч нарын хүүхдүүд тус боомтын бага сургуульд сурдаг нь сурагчдын ярианаас ажиглагдав.

Ганц мод бага сургуулийн спортын талбай

Монгол хүүхдүүд эхлээд нас харгалзалгүй нэг ангид  орж крилл, уйгаржин монгол бичиг, ханз үсгийг давхар үзэж, хоёр жилийн дараагаас цааш хэрхэн ахихаа шийддэг юм байна. Тэд өдөр бүр 8-12  цаг хүртэл хичээллэчихээд орой 17 цаг хүртэл бие бялдар, оюун ухаан, авьяасаа хөгжүүлэх дугуйлангаар хичээллэж, тоглож нааддаг тухайгаа ярьж байлаа.   

Ганц мод боомтын бага сургуулийн сурагчид хичээлийнхээ завсарлагаанаар

Сургуулийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй юм байна. Үүнээс шалтгаалаад ч тэр үү сүүлийн жилүүдэд  Ганц мод боомтын сургуульд Монголоос  хүүхдүүд ирж  сурах нь нэмэгдсэн болохоор сургуулийн захиргаа Өмнөговь аймгаас хоёр багш урьж ажиллуулж эхэлжээ.  Урилгаар ажиллаж байгаа ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан н.Цэцэгээтэй мөн сэтгүүлчид уулзаж ярилцлаа.

Ганц мод боомтын сургууль спортын орчин үеийн талбайтай боллоо.

Тус  бага сургууль  морин хуурын болоод  орчин үеийн хөгжмийн гээд зөвхөн дуу хөгжмийн хоёр, бүжгийн нэг ангитай. Мөн анги танхим бүрийг хичээлийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан анхнаас нь тохижуулан, техник хэрэгсэл суурилуулсан нь яах аргагүй  Монголын сэтгүүлчдийн анхаарлыг татаж байв.  Манай сумын багш нар сургуульдаа яаж  ганц хөгжимтэй болох вэ гэж толгойгоо гашилгаж суудаг бол ӨМӨЗО-ны Урадын дунд хошууны Ганц мод боомтын бага сургууль тус бүр  30 кассио, 30  морин хуур гээд ангийнхаа хүүхдүүдийн тооноос давсан хөгжмийн зэмсэгтэй байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй.


“Монгол гэрт байвч бүргэдийн толгой дотор  буй... ”

ӨМӨЗО-ны Ордос хот  Монголын үүх түүх, соёлыг илэрхийлэх барилга байгууламж, хөшөө баримлаар баялаг.  Өдгөө энэ хотын өнгө төрх, үүх түүхийг  Ордосын нисэх онгоцны буудалд хөл тавьсан гийчид шууд төсөөлөх болов уу. Дээрээс нь харахад нисч буй бүргэдийн дүртэй, дотор нь үйлчлүүлэгчдэд  монгол гэрт орсон мэт сэтгэгдлийг  төрүүлдэг,  уламжлалт ахуйг орчин үеийн  шийдэлтэй хослуулан барьсан нисэх онгоцны буудал хэнийг ч анхаарлыг эрхгүй татна. 

Ордос

Онгоцны буудлын албан гэрийн эрхлэгч Гүү Минь таницуулахдаа  “Нисэх буудлын барилгын ажил 2008 онд эхэлж 2013 онд дууссан. Дотроос нь харвал  монгол гэрийн загвартай 24 унь, тооноор наран гэрэлтэж харагддаг содон загвартай.

Ордос хот монгол түүх соёлын баримал  хөшөө, бүтээн байгуулалтаар баялаг.

Харин гаднаасаа бол бид бүргэдийн яг толгой дотор нь зогсож байна” хэмээн ярина лээ.  Гэрийн дээврийг тойруулан унины их бие хэсгээр  эзэн Чингис хааны төрснөөс эхлээд  нэгэн  насны түүхийг уран зургаар дүрслэн гаргасан байх нь сонин.  Аугаа том, өгүүлэмж ихтэй энэ зургийг Хятадын нэрт зураач бүтээжээ.   Тус нисэх буудал нь өдөрт 40 мянган зорчигчид үйлчлэх хүчин чадалтай юм байна.


“БНХАУ-ын ӨМӨЗО боомтуудынхаа  бүтээн байгуулалтад нэг тэрбум 143 сая юань зарцуулжээ”

Сүүлийн хэдэн жилд бүтээн байгуулалтаар дамжин ӨМӨЗО-ны боомтын дэд бүтэц өдөр ирэх бүр сайжирсаар бүх Хятадын хилийн хуурай замын боомтод тэргүүлэх байрыг эзлэх болжээ. Мөн ӨМӨЗО Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгулалтыг хэрэгжүүлэх төслийг эхний байдлаар хийж дууссан гэж тус орон мэдэгдэж байна. Өнгөрсөн онд  ӨМӨЗО-ны боомтоор 65 сая 800 мянган тн ачаа, 4 сая 280 мянган зорчигч нэвтэрчээ. Бүх Хятадын 12-р 5 жилийн төлөвлөгөөний үеэр үндэсний болон Өвөрмонголын зүгээс хилийн боомтын бүтээн байгуулалтын ажилд  нийт 1  тэрбум 143 сая юанийг зарцуулсан байна.

Хөх хотоос ӨМӨЗО-ны бүх хилийн боомтын үйл ажиллагааг цахимаар шууд хянана.

ӨМӨЗО “Цахим боомт” ХХК-ийг үүсгэн байгуулж, боомтын цахим хуудсыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр ӨМ-ын боомтын видео хяналтын төв байгуулагдаж,  олон боомтуудыг төвөөс  дуу дүрсээр шууд хянадаг болсон байна.

Ордос хотын төв талбайд эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг өгүүлсэн 5 багц хөшөө бий

МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын  хамтран зохион байгуулсан  Хятад, Монголын сэтгүүлдчийн “Нэг бүс нэг зам Боомтоор аялах аян”-ыг тоймлон хүргэхэд  ийм  байна.  Хятад, Монгол хоёр орны  аж амьдрал, бүтээн байгуулалттай  биечлэн танилцах боломжийг олгон санаачилгатай ажиллаж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар болон  МСЭН-д талархлаа илэрхийлье.

МСНЭ-ийн  Монголын Үндэсний радио дахь
салбар зөвлөл
2016.10.07































Нийтэлсэн: Д.Даваадулам

Хоёр орны сэтгүүлчид нэг замаар...  
Үзсэн: 2967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй