Шууд Chart

Г.Мөнх-Амьдрал: Би СТА болохгүй

2016-10-12 09:58:33

“Редакцийн зочин” буландаа залуу уран бүтээлч Г.Мөнх-Амьдралыг урилаа. Түүнийг эрхэм уншигч та бүхэн “Зүрхний дуулал”, “Эгчмэд бүсгүй”, “Нутгаа зорино”, “Ижийтэйгээ хийсэн нүүдэл” зэрэг уран бүтээлээр нь "таних" биз ээ. 

-Америкт сурч байгаа гэж дуулсан. Хэзээ эх орондоо ирэв. Хэр удах вэ?
-Таван сар болчихоод ирлээ. Монголдоо өвөлжөөд буцна даа.

-Ирээд шинэ уран бүтээлийн ажилдаа ороод тун завгүй байна гэсэн. Уран бүтээл нь бэлэн болсон уу?
-Залуу дуучин Д.Нандинцэцэгтэй хамтарч “Хорвоог хамтдаа туулъя” гэх шинэ уран бүтээл гаргалаа. Одоогоор клипний ажил дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно оо.

-Ер нь уран бүтээлийн сан хөмрөг хэр аривжиж байна. Хичнээн дуутай болсон байна?
-Хоёр, гуравхан байснаа бодвол боломжийн хэмжээнд хүрсэн байна. Арав орчим дуу дуулжээ.

-Таны хувьд мэргэжлийн дуучин биш. Яг хэзээнээс дуулах урлагт орох болов?
-Би Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тамирчин хүн. Тамирчин байхдаа цаг зав маш багатай байсан. Гэхдээ анхны уран бүтээл болох “Зүрхний дуулал”, “Хайрын цас”, “Эгчмэд бүсгүй” гэх мэт дуунуудаа тамирчин байхдаа дуулсан. Тэгээд бэртэл аваад хэсэг хугацаанд спортоо орхихдоо хоёр СD гаргасан бол өнгөрсөн жил Булган нутгийнхаа уран бүтээлд хайртай хүмүүсийн дэмээр Монгол бөхийн өргөөнд “Зүрхний дуулал” уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийсэн дээ.

-Анхны бие даасан тоглолтоо хийж байх тэр үеэ эргэн дурсвал?
-2015 оны 11 дүгээр сарын 4-нд бие даасан тоглолтоо хийж байлаа. Тоглолтоо хамгийн анхны дуулж байсан “Зүрхний дуулал” дуугаараа нэрлэсэн. Энэхүү дуу маань намайг олонд арай илүү таниулсан юм болов уу гэж боддог юм. Мэдээж анхны тоглолт болохоор сэтгэл догдлол маш их байсан. 

-Олон сайхан уран бүтээлтэй болчихсон. Сонсогчид дараагийн уран бүтээлийг нь хүлээдэг болсон дуучид гэнэт уран бүтээлээ орхичихдог. Үүнд хүмүүс их сэтгэл дундуур ханддаг?
-Миний хувьд их гэгээлэг зүйлийг харж байгаа учраас гадаадад боловсрол дээшлүүлэх тал дээр их анхаарч байна. Хэдийгээр спортоо насан туршдаа орхичихсон ч гэлээ энэхүү спортынхоо хөгжилд түүчээ болж Монголд баригдахгүй байгаа тэшүүрийн стадионыг бариулах мөрөөдлийг тээж явна. Мэдээж мөрөөдлөө биелүүлж, бариулахаар тоймтой, төлөвлөгөөтэй ажлуудыг хийж байна. Ингэхийн тулд хүнд боловсрол хэрэгтэй. Хамтдаа босгох баг хамт олон байх шаардлагатай. Тэгэхийн тулд л гадаадад боловсрол эзэмшээд боловсроод л байна даа. Гэхдээ эх орноосоо бүр явчихаагүй гурван жилийн хугацаанд ирж очоод байна байх. Тэр хоорондоо шинэ уран бүтээлүүдийг нь гаргасаар байна гэдгээ хэлье.

Заавал хит дуутай болно

-Уран бүтээлч хүн хүрэхийг хүссэн оргил гэж байдаг болов уу?
-Хүн болгоны аманд үргэлж дуулагддаг нэг тийм сайхан уран бүтээлийг л гаргах юм сан гэж боддог. Ямар ч байсан заавал хит дуутай болох ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьчихсан байгаа.



-Монголчуудыг дууч ард түмэн гэдэг. Дуучныг нь тэр бүр мэддэггүй мөртлөө дууг нь бол аль хэдийнэ цээжилчихсэн байдаг. Энд тэнд таны дууг дуулж байгаа хүмүүстэй тааралдах ямар байна? 
-Миний дуулж байгаа хэм хэмжээ, дууны төрөл жанр залуучуудад илүү тохирдог юм шиг санагддаг. Залуучууд ихэвчлэн миний дуунуудыг дуулж байгаа харагддаг. Автобусанд бас миний дууг их тавьдаг юм билээ. Түүнийг тэнд зорчиж яваа хүмүүс дагаж дуулахыг харах гэх зэрэг бол бас их сайхан мэдрэмж л дээ. Заримдаа “Өө чи энэ дууг дуулсан хүн юм уу. Сонсдог, дагаж дуулах дуртай шүү” гэдэг хүмүүстэй ч таарч байсан.

-Мэдээж туршлага бага залуу хүн урлагт хөл тавихын тулд тэр салбарыг мэддэг зөвлөгч хэрэгтэй байх. Урлагийн багш гэж байна уу?
-Ямар ч хүн өөрийн сайн мэдэхгүй зүйл рүүгээ шууд хөл тавиад орчихгүй байх. Эхлээд сайн судална, мэдэж авна, тэгж байж орно шүү дээ. Миний хувьд энэ л замаар явж урлагт хөл тавьсан. Хоёр, гурван жил дуулчихлаа. Одоо л хөлөө олж, урлаг гэдэг дуу гэдэг чинь ийм байдаг юм байна гэх мэдэгдэхүүнтэй болж байна. Дуулах дуунууд маань жаахан чанартай болж ирж байна. Мэдээж салбарын зүгээс зөвлөгөө өгдөг хүмүүс бий.
Энд нэг түүхийг сөхвөл, анх тамирчдын дунд дууны тэмцээн болоод би түрүүлж байсан юм. Түүнийг УГЗ Д.Ухнаа гуай ирж шүүсэн. Тэгэхдээ надад “Миний хүү энд байх ёстой хүн биш ээ. Тайзан дээр байх ёстой хүн байна” гэж хэлж байсан. Энэ үг надад урлаг руу ороход нөлөөлсөн байх гэж боддог.

-Зарим мэргэжлийн шүүмжлэгч танд хэрхэн хандаж байна?
-Мэдээж шүүмжилдэг нь шүүмжилдэг л байх. Гэхдээ шүүмжлэхээсээ магтдаг нь илүү байх шиг санагддаг. “Тамирчин байж сайхан дуулах юм” гэх үгсийг бол олон сонсож байсан.

-Сүүлийн үед дуучид дууныхаа дүрсжүүлэлтэд их анхаардаг болж?
-Цаг хугацаа өөрчлөгдөж, юмыг аргацаагаад өнгөрөөдөг үе өнгөрсөн байна. Үзэгчид илүү их зүйлийг хүсдэг болж. Маш сайхан дуу хийчихээд клип нь тухайн дууныхаа утга санаанд нийцэхгүй, наалдахгүй бол тухайн уран бүтээлийн үнэ цэнэ буурна. Тиймдээ ч үүнийг маш сайн тооцоолж, хүч гаргах ёстой гэж би боддог.

Ер нь дуу гэдэг хамтын уран бүтээл байдаг. Тухайн дууны шүлгийг бичиж, хөг аяыг нь тааруулсан хүмүүс болоод клипэнд тоглосон ивээн тэтгэсэн гэх бүх хүмүүст би маш их баярлаж явдаг. Тэр хүмүүсийн буянаар би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.



-Хамтын уран бүтээл гэснээс клипэнд тоглох хүмүүсээ хэрхэн сонгодог вэ? 
-Би клипэндээ дандаа найзуудыгаа тоглуулчихдаг ш дээ. Утга санааг нь бодож байгаад ийм клип хийх гэсэн юм чи тоглооч гээд л хэлчихдэг. Би ямар олон клип хийх биш. Цалингаа цуглуулж байгаад л зарим нэг дуугаа клипжүүлдэг юм.

Ер нь найзууд маань залуу сайхан насаа тэр нэг клипэнд үлдээнэ гэдэг. Сүүлд нь үзэхэд илүү их дурсамжийг агуулах юм болов уу  гэх миний бодол бий.

-Залуу дуучид ямар нэгэн продакшнд харьяалагдах нь их болж. Таны хувьд...?
-Надад манайд орооч ээ гэх санал огт ирж байгаагүй. Би ч тийм зүйлд нэгдэхийг нэг их хүсдэггүй.

-Жилд 200 мэргэжлийн дуучин төгсөж байхад нэг ч од төрөхгүй байна-

-Шинэ уран бүтээлээ хамтран дуулсан гэж байсан. Цаашид хос дуучдын тоог нэмэх гэж байна уу?
-Цаашид хослон дуулах байх гэж бодож байна. Надтай хамтран уран бүтээл хийж байгаа Д.Нандинцэцэг гэх бүсгүй их сайхан дуу хоолойтой. Ямартай ч анхны уран бүтээлээ гаргасан олон нийтэд таалагдах байх.

-Сүүлийн үед зохиолын дуу дуулдаг хүн олон болсон. Түүнийгээ дагаад чанартай, чанаргүйн ялгаа яригдах болж. Өнөөгийн энэ байдлыг бусад улс орнуудтай харьцуулах боломж бий юу?
-Барууны улс орнуудад дуучид нь ч, үзэгчдэд нь ч урлагийн гайхалтай өндөр мэдлэгтэй байдаг. Манайхны хувьд ч хуучнаа бодвол хэн хэний дууг дуулж байна, хулгайн дуу юу, шинэ дуу юм уу гэдгийг ялгаж салгаж, үнэлж дүгнэдэг болсон. Дуучид олон төрж байна гэдэг чинь эргээд цэвэр өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.

Монголд урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн сургууль бий. Жилд 200 орчим мэргэжлийн дуучин төгсөж байна. Тэгэхэд Монголд нэг ч од төрөхгүй байна. Хүмүүс үүнийг амархан юмыг хийж чадахгүй байна гэж харж дүгнээд байгаа ч цаагуураа бол энэ асар их өрсөлдөөн хөдөлмөр хувь заяаны асуудал юм шүү дээ.

Сүүлийн үед гэхдээ энэ урлаг гэгч зүйл их даяарчлагдаж байгаа.

-Ээж маань намайг дуулуулах бус уралдуулах дуртай-

-Нутаг ус, аав ээжийгээ танилцуулаач?
-Аав маань сайхан жолооч хүн байсан. Ямар ч нот харалгүйгээр төгөлдөр хуур, гитар тоглодог байгалиас заяасан сайхан авьяастай хүн байлаа. Ээж маань цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажилладаг. Сайхан дуулдаг, сайхан эмэгтэй бий. Одоо Булганы Хишиг-Өндөр сумандаа ажлаа хийгээд л байж байгаа даа.

Би ер нь аавынхаа дуулахыг сонсоод урлагтай их ойр өссөн хүн. Тиймдээ ч урлагт их хайртай болсон байх.

-Хөгжмийн мэдлэгтэй ээж зарим уран бүтээлд алтан сургаалаа хайрлана биз. Ер нь ээжийнхээ зохиосон аялгуугаар уран бүтээл хийе гэх бодол байна уу?
-Мэдээж хэлж, зөвлөх юм байлгүй яахав. Үргэлж л миний сайн зөвлөгч байдаг. Харин ээжээрээ ая хийлгээд дуулах талаар огт бодож байгаагүй юм байна шүү. Ерөнхийдөө ээж маань намайг уралдахад илүү дуртай. Харин аав маань дуулуулах их дуртай байсан.



-Өөрөө зохиосон уран бүтээл байгаа юу?
-“Амьдрал”, “Нутгаа зорино” гэх дуунуудынхаа хөгжмийг би өөрөө зохиосон. Үүнд нэг их болохгүй гэх зүйл байхгүй л дээ. Гэхдээ сурах зүйл маш их бий.

-“Амьдрал” хэмээх дуу чинь таны нэртэй их холбогдож байгаа байх. Ер нь энэ нэрийг хэн өгсөн юм бэ?
-Ээж маань өгсөн. Мэдээж холбоотой л доо. Ер нь найзууд маань намайг Амьдралаа гэж дууддаг. Энэхүү дууны шүлгийг Д.Нандинцэцэг гэх бүсгүй бичиж өгсөн. Их таалагдсан. Тэгээд л аялгуугаа хоршуулаад уран бүтээл болгосон доо.

-тэшүүрийн рекордыг нийт 35 удаа шинэчилсэн-

-Тамирчин Г.Мөнх-Амьдралын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний хувьд тэшүүрийн спортоор хичээллэдэг. Анх 2001 онд тэшүүрийн тэмцээнд оролцож байлаа. Миний төрсөн ах Г.Жаргаланчулуун гэж 2002 оны өвлийн олимпод оролцож байсан мундаг тэшүүрчин хүн бий. Ахыгаа л дагаж тэшүүрийн спортоор хичээллэх болсон доо. Аав, ээж минь ч маш их дэмждэг байсан. Ингээд тэшүүрчин болоод 12 жил өнгөрчээ.

-Та чинь тэшүүрийн спортын маш олон рекордын эзэн байх аа?
-Залуучуудын болоод насанд хүрэгчдийн тэшүүрийн рекордыг нийт 35 удаа шинэчлэн тогтоосон амжилт үзүүлсэн байна.

-Энэ спортын хөгжил манайд жаахан сул байх шиг санагддаг. Үүнд таны бодол ямар байна?
-Уг нь хөгжих бүрэн үндэслэлтэй. Монгол хүний бие организмд таарч тохирсон спорт л доо. Гэхдээ манай улсын тэшүүрийн спорт дэлхийн өндөр хөгжилтэй улс оронтой харьцуулахад хөгжил их муу явагдаж байна. Хамгийн наад захын асуудал болсон өөрийн гэсэн стандартын мөсөн коток манайд алга гэх зэргээс олон асуудлыг ярьж болно. Магадгүй тэр асуудлуудыг шийдчихвэл тун удахгүй олимпийн аварга Монголын мөсөн талбайгаас төрнө гэдэгт би итгэлтэй байдаг. Энэхүү дутагдмал байгаа нөхцөл байдал тамирчдын амжилтад нөлөөлөөд байна уу гэж би хардаг юм.

Гэхдээ манай залуучууд сүүлийн үед их сайн уралдаж байна. Энэ спортоор хөдөө орон нутгийнхан маш их хичээллэдэг болсон нь маш том амжилт юм.



-Одоо та урлаг, спорт хоёрынхоо алинд нь түлхүү анхаарч байна вэ?
-Хүмүүсийн намайг харж байгаа өнцөг бол дуулдаг тамирчин. Мэдээж аль алиныг нь амжуулсаар ирсэн. Цаашид ч амжуулсаар л байхыг хичээх болно. Гэхдээ урлаг талдаа илүү их хүч хаях болов уу гэж бодож байгаа.

-Ийм амжилттай явсан тамирчин яагаад урлаг руу орчихов. Зүгээр тамирчин байж болдоггүй юм уу гэх шүүмжлэл ялангуяа спортынхноос их ирдэг болов уу?
-Би бага байхдаа ардын бүжиг бүжиглэдэг байсан юм. Ээж маань аялгуу хөгийн нарийн мэдрэмжтэй, намайг маш их дэмждэг, урлагт элэгтэй хүн байдаг. Өдийг хүртэл урлагт болоод спортод амжилттай яваа маань аав, ээжийн минь гавьяатай салшгүй холбоотой.  
Хүн тэгээд ер нь дуртай зүйлээ хийх нь илүү их амжилтыг авчирдаг юм шиг санагддаг. Би дуулах дуртай, уралдах дуртай. Тиймээс ч аль алийг нь амжуулсаар л явна.

-Тэшүүрийн ямар төрлөөр хичээллэж байсан бэ. Энэ спортын хамгийн сайхан нь юу бол...?
-Шорт трек төрлийг сонгон хичээллэж байсан. Энэ төрлийн анхны спортын мастер цолтой. Ер нь эр хүн ийм эрсдэлтэй спортод илүү хайртай байдаг юм.

-Тэшүүрийн спорт, дуучин хоёрыг зэрэг хийж явах боломж байдаг уу. Хоёулаа амьсгалын зөв хуваарилалт шаарддаг шүү дээ?
-Маш хэцүү. Тэшүүрийн спорт тонгойж уралддаг. Тэгэхдээ цээжээрээ амьсгалдаг. Харин дуу болохоор хэвлийгээрээ амьсгалдаг. Хэвлийгээрээ амьсгаа авч байж дууны өнгө сайхан сонсогддог гэх мэтээр амьсгааны хувьд зөрөлдөх зүйл байгаа. Мөн хэт өндөр ачаалалтай тэмцээний бэлтгэлийн араас дуулна гэж байдаггүй.

-Цаг нь ирэхээр улс төрд орно-

-Урлагийнхны хамгийн анхны үнэтэй шагналд тооцогддог СТА цол тэмдэг хэтэрхий үнэгүйдээд байна гэдэг. Үүнтэй та санал нийлдэг үү?
-Би энэ тэмдгийг хэзээ ч авахгүй гэж бодож байгаа. Аливаа зүйлд үнэ цэнэ гэж байх ёстой. Би энэ шагналыг хүндэлдэг. Гэхдээ сүүлийн үед хоёр дуу дуулаад л СТА болж байгаа хүмүүс зөндөө байна. Миний хувьд спортоороо боломжийн амжилт гаргачихсан, авах ёстой болзол шагналуудынхаа ихэнхийг хүртчихсэн болохоор энэ шагналд тийм их шунадаггүй юм болов уу. Мэдээж энэ шагнал байх ёстой хүмүүстээ байх ёстой. Гэхдээ надад бол ойрын 10 жилдээ байх ёсгүй гэж боддог. Миний дууг сонсоод баярладаг, эрч хүч авдаг тэр хүмүүс л хэвээрээ байхад шагнал болохоос биш дуугаа олонд хүргэх гэж телевизүүдээр барьж гүйж, мөнгө төлөөд байх сонирхол надад байдаггүй. Тэгэх бол амархан.

-Урлагийнхан улс төр сонирхох нь их болсон. Таны хувьд улс төр рүү орох уу?
-Би цаг нь болохоор орно. Дээр хэлсэн их том зүйлийг бодож байна гэж. Гэхдээ мэдлэг дутмаг, туршлагагүй байж тийшээ орох гэж яарахгүй. Байшинг яаж барьдаг билээ яг тэр маягаар багаас нь их рүү тэмүүлэх залуу хүний хүсэл мөрөөдөл надад бий. Эхлээд салбараа, дараа нь сумаа, дараа нь аймгаа гэх мэтээр шат дараатай ахих бодол бий. Үнэнийг цаг хугацаа нотлох биз ээ. Миний хувьд одоогоор үнэн амьдралаа бичиж л явна даа. Цааш их урт бичих байх.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Г.Мөнх-Амьдрал: Би СТА болохгүй  
Үзсэн: 5089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
СТА = пизда [139.5.216.xxx] 2016-10-26 21:40
СТА, приус ,годонгийн гутлаас ч Монголчууд залхаж байна .
umba [103.57.93.xxx] 2016-10-20 00:23
Amjilt .minii ohin bas teshuurchin.
Зочин [202.70.34.xxx] 2016-10-13 11:28
amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй