Шууд Chart

Алтан говийн “араажав”-тай малчин

2016-10-20 11:13:38

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин В.Пансан одоогоос 40 гаруй жилийн өмнө “ВЭФ” гэдэг гялалзсан антеннтай жижигхэн хар “араажав”-ыг Тарагт сумын дэлгүүрээс авахад гэр ахуйн багш гэргий нь өрмөгөн хээтэй цагаан даавуун дээр алхан хээ урлан уут хийж өгч, бурхныхаа хажууд залсан гэнэ. Түүнээс хойш он удаан жил өнгөрсөн ч В.Пансан араажаваараа мэдээлэл авсаар өдий хүрч.

Одоо тэр “Монголын хоолой” үзэсгэлэнт сайхан загийн шугуйт говьдоо 400 гаруй тэмээгээ маллаж яваа отрын гэртээ “араажав”-аа залжээ. Хайртай “араажав”-аа тэр битүү хөдсөнд ороож дулаалсан байна. Учрыг асуувал “Хөөрхий минь даарчихна. Өдөржин отрын гэрт, цэнэг зай нь царцчихна. Учрыг ухуулдаг ганц амьд эрдэнэ” гэснээ “За даа бараг эзэд нь ирсэн юм шиг байна ер нь. Салхи үзэг” гээд хөдсөн хөнжлөөс нь гаргалаа. Хичнээн удаа нүүж, хичнээн жил эдэлснийг тооцохын аргагүй “араажав” нь шив шинээрээ. Ярихгүй сэдэв, мэдэхгүй зүйлгүй эгэл тэр малчин ерөөлийг ёстой урсгаж өгөх юм аа.  

Монголын радиогийн “Алтан төл”-ийн эзэн, Аймгийн сайн малчин В.Пансан “Алтан ботго”-ндоо, бас “араажав”-аар ярьдаг бүх хүнд хайртай. Мал төллөхөөс өмнө тэр зай цэнэг, эм тан базаахаар хотод орж ирэхдээ Монголын радиогоор хэрэг болгон орж 30 жилийн өмнө сурвалжилж явсан СГЗ сэтгүүлч Д.Амбасэлмаатай, дотно дуу хоолой нь болсон СГЗ нэвтрүүлэгч Д.Билгээ нартай гар барьж, “Малчин” нэвтрүүлгийн өрөөгөөр орж “Зөөлөн замбуулин”-гийн Л.Мөнхтөртэй ярилцаж, “Алтан ботго” шагнал өгсөн уран бүтээлчдийг “амьд”-аар нь харж, радио, телевизийн өндөр цамхагт мөргөв...

“Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд ажиллахад “Алтан төл”-ийн эзэн В.Пансан төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан байлаа.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Алтан говийн “араажав”-тай малчин  
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй