Шууд Chart

Бодлын үзүүрээс...

2016-10-22 09:55:51

Кино уран бүтээлийн ярианд их л оролцлоо. Би нэг их олон үг хэлдэггүй. Сонсоод л сууж явах. Залуучуудын үзэл бодол эрмэлзлэл өөр юм аа. Гэхдээ сэтгэлийн гүнд Монгол кино хаачив, Монгол кино бүтээх монгол хүн хаачив, юу болж орхив гэж өөртэйгөө ярьсаар үлддэг. Долоо хоног болгон шинэ кино гарч байна. Сэтгэлд үлдэж юм бодуулсан, миний хайж байгаа асуултад хариулж хамт бодолцсон кино маш цөөн. /Эртээд Россия сувгаар Никита Михалковын яриа сонслоо. Киноны жилд зориулан хэлсэн үг юм аа даа.

Утга нь: Сэтгэл зовж шаналж бодож эрж хайж яваа юмныхаа хариултыг олж сонсох харж хамт эрэгцүүлэх бүтээл хаа байна гэсэн утгатай юм хэлсэн байв. Энэ хүн киноны том төлөөлөгч, сэтгэгч, бүтээгч учир хааяа зурагтаар ярьж байхыг нь олоод сонсчих юмсан гэж бодож явдаг./ Залуучууд маань Орос уу гээд нэг их тоохгүй байх шиг байна. Оюуны асар том бүтээл туурвилтай ард түмэн дээ. Дэлхийн хэмжээнд ярина. Америк, Франц, Дани, Бельги зэрэг орны сэтгэлгээний өвөрмөц хэлбэр дагнасан бүтээлээс хамаагүй гүн гүнзгий утга зохиол философитой ард түмэн санагддаг.

За энэ ч яахав, гадны юм. Манай кино уран бүтээлд доголдож байгаа одоо бүр хэцүү болсон хэдэн юм байгаагийн нэгийг кино зохиол гэж боддог. Зохиолч бол монголд зөндөө байж л байгаа. Жинхэнэ сайн бичих залуу хүн өөрийгөө олж нээж чадаагүй сайхан авьяастаа тээгээд дэмий явж л байгаа гэж бодном. Ахмад сайн уран зохиолчид бол байна аа. Тэдний зохиолыг залуучууд тоодоггүй. . Сайн уран зохиолч залуу хүнийг нээж олох "ажил" үнэн хоцрогджээ гэж санадаг. Кино сонирхож, бүтээдэг тэрэндээ өөрсдөө тоглодог, найруулдаг залуучууд өөрсдөө зохиол бичээд болгоод байгаа ч яг тунгаагаад үзвэл усыг нь шавхахад хоосон болчихдог. Залууст кино бүтээх эрмэлзлэл их байгаа нь сайхан. Гэвч кино зохиол бол кино урлагт бие даасан онцгой төрөл юм даа...

Аав маань киноны ажилтан, найруулагч, кино-зохиолч байсан учир гар бичмэл ихтэй. Дуусгасан дуусгаагүй юм олонтой. Одоо зах зухаас нь цуглуулаад эмхтгээд л байгаа. Энд нэг жаахан дутуу орхисон зохиол байсан тэрнийг уншиж суухад кино зохиол ийм байж л сэтгэлээс ховхроогүй урт наслах бүтээл болдог юм байна дээ гэж бодогдсон. Жаахан иш татья. Залуучууд уншаад үзэг гэж бодов. Ухаандаа кино зохиол ингэж бичдэг байжээ гэж. Сэдэв нь буриадуудын хэлмэгдлийн тухай юм. Өөрөө олон жил ярьж байгаад, бичиж байгаад дэлгэцийн бүтээл болгоно гэж найдаж яваад амжаагүй нэг зохиол юм.

ҮЙЛИЙН ҮР /кино зохиол /

2-р бүлэг

Жаргал:-Чиний үе тэнгийнхнийг харахад,зарим нь торго дурдан өмсөж,алт мөнгө гялалзуулж,тарган жороо морь дээр ташаа тулан худлаа инээж явах юм.Тэгэхэд чи хөдсөн дээлээсээ ч салаагүй,ан ав хөөсөн,оргодол босуул амьдралтай намайг өдөр шөнөгүй хүлээж ,гэрийн мухарт хатаж суугааг чинь бодоод хайрлах юм..

Цэндэм:-Хайрлаж ойлгож явбал болоо доо.,Хүнд хамгийн гол нь сэтгэлийн жаргал биз дээ.

Жарагл:-Тийм ч юм уу,...Энэ нутгийн орой баяны охиныг ханиа болгоод зэврүүлж яваадаа харамсах юм.Чиний араас хичнээн хүн гүйдэг байлаа..

Цэндэм:-Ийм юм бүү ярь даа. Тэгээд би ганцхан чиний араас гүйгээ биз дээ. Чи өөрийгөө ямар хүн болохоо даанч мэдэхгүй юм гээд хамрыг нь аяархан чимхэнэ.

Жаргал:-Энд толгой хорогдох аргагүй болох нь дээ,Хэдүүлээ халх нутгийг бараадья. Нэг л муу совин татаад байна.

Цэндэм:-Даагатай гүү хоодок тэрэгнээс өөр ачлага хөсөггүй бид өвлийн хүйтнээр яаж нүүхэв.

Жаргал:-Мэдэж байна аа. Хулагч гүү маань та хэдийгээ даахаа л даана.Хээр морь минь хүргэх газарт минь хүргэнэ. Аавын чинь мал хөрөнгийг хурааж авсан большевикуудыг алсан нүгэл тархийг минь цустах гээд байх шиг байна.

Цэндэм:-Аймаар юм бүү яриач дээ. Ганц шөнө ч гэсэн жаргалаа ярья
аппарат тулгатай гал руу шилжэв. Ид дөчин насныхаа наахан цаахан хүрч гарч яваа эр эм хоёр бие биендээ ариунаар зориулсан биес ээ нааж тэр шөнийн хүйтэн жаврыг мартаж урт хэрнээ тэр хоёрт дэндүү богинодсон шөнө бие сэтгэл жаргалтай хонож билээ. Гэвч энэ хоёр хүний амьдралд сүүлчийн шөнө байсныг хэн нь ч мэдээгүй байжээ.

Нийтэлсэн: Г.Золжаргал

Бодлын үзүүрээс...  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй