
“Шинэ Засгийн газар байгуулагдаад НДС-гийн системийн тухай ярьж байгаа юм биш. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа нь энэ системд өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг баталгаажуулдаг” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Тэлмэн ярьж байна.
Олон улсад Нийгмийн даатгалын сан нь томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын сан болдог. Харин манай улсад Нийгмийн даатгалын санд төвлөрч байгаа мөнгөний ихэнх хувь нь арилжааны банкинд хадгалагдаж, багахан хувийн хүүгээр арвижиж байна. Хэрвээ бидний сар бүр Нийгмийн даатгалд төлдөг мөнгөөр хөрөнгийн зах зээлд гүйлгээ хийдэг болчихвол одоо байгаагаасаа хэд дахин ашиг хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөөр хувьцаа худалдаж авах, хувийн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Энэ нь зарим хүнд эрсдэлтэй сонсогдож магадгүй ч олон улсад ийм байдлаар Нийгмийн даатгалын мөнгөө арвижуулж, үндэсний хөрөнгө оруулалтаа тэлж иржээ.
Манай улс эв хамтын буюу бүх хүмүүсийн хуримтлал нэг л санд төвлөрч, тэндээсээ халамж, тэтгэвэр, тэтгэмжээ олгодог. Энэ тогтолцоо нь хөдөлмөр эрхлэх насныхан зонхилсон залуус ихтэй манайх шиг улсад одоохондоо болж байна. Гэхдээ Нийгмийн даатгалын хамгийн хоцрогдсон систем гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн бүх гишүүдээс сар бүр авдаг шимтгэлийг авдрандаа хадгалж, эдийн засгийн ямар нэгэн гүйлгээнд оруулахыг зөвшөөрдөггүй “хуучинсаг” үзэлтэй айлтай зүйрлэж хэлж болохоор байгааг холбогдох хүмүүс хэлж байгаа. Ийм байдлаар үргэлжилвэл манай улс 2030 он гэхэд ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг тавьж чадахгүйд хүрнэ.
Тухайлбал, өнөөдөр тэтгэврийн даатгалын санд 10 хүн шимтгэл төлж байхад 3 хүн тэтгэвэр авч байна гэсэн судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан. Энэ харьцаа 2030 он гэхэд 10:7 болж өсөх юм. Учир нь манай улсын нийт гэр бүлийн 70 гаруй хувь нь 2-3 хүүхэдтэй байна. Өөрөөр хэлбэл, хүн амын өсөлт ойрын хэдэн жил удааширч, харин монгол хүний дундаж насжилт нэмэгдэх хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад сая гаруй иргэн хөдөлмөр эрхэлж, 360 гаруй ахмад тэтгэвэр авч байна. Энэ тооны харьцаа цаашдаа тэнцэж, НДС-гаас тэтгэвэр, тэтгэмж авах хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь хүн амын өсөлтийн судалгаанаас харагдаж байна.
Олон улсад НДС-гийн мөнгөө арвижуулах, зах зээлд эргэлдүүлэх аргыг олон янзаар ашигладаг. Ихэнх улсад хувийн тэтгэврийн санг бий болгож, холимог системийг хөгжүүлж байна. Тухайлбал, өнөөдөр манай улсад 30 орчим жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн хүний тэтгэврийг тогтооход дунджаар 500-600 мянган төгрөг л болж байна. Тэгвэл тухайн иргэн үүнээс илүү хэмжээний тэтгэвэр авахыг хүсвэл хувийн тэтгэврийн санд сар бүр мөнгө төлнө.
Тодруулж хэлбэл, амьдралын боломжтой хүмүүс улсынхаа НДС-д шимтгэлээ төлөхийн зэрэгцээ хувийн тэтгэврийн санд тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлэх юм. Ингэснээр тухай иргэн тэтгэвэр тогтоолгохдоо улс болон хувийн хоёр сангаас тэтгэвэр авах боломжтой болно. Хувийн тэтгэврийн санд санхүүгийн хороо болон бусад холбогдох байгууллагууд хатуу хяналт тавьж, хөрөнгийн зах зээлд гүйлгээ хийхийг зөвшөөрдөг. Энэ бол ихэнх улс оронд байдаг жишээ юм.
Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын санг өргөтгөн шинэчлэх тухай бодлого УИХ-аар батлагдсан. Мөн 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгалын сангийн системд өөрчлөлт оруулах талаар ч тусгажээ. Энэ дагуу хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй юм байна. Энэ хуулийн төсөл УИХ-аар дэмжигдэн батлагдсанаар Нийгийн даатгалын сангийн системд тодорхой өөрчлөлт хийх боломж бүрдэх юм.
Т.Тэлмэн: Нийгмийн даатгалын сангийн системийг өөрчлөх цаг нь болсон | ||
Үзсэн: 2281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.