Шууд Chart

Байгууллагын ёс зүйн дүрэм яагаад хэрэгтэй вэ

2019-02-02 16:18:41

Манайд мэргэжлийн болон байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдөж хэвшээгүйгээс олон салбарын уналт, ухралтын үндэс болж байна. Байгууллагууд үйл ажиллагаандаа ёс зүйн дүрмийг мөрдөх нь нийгэмд хариуцлагын тогтолцоог сайжруулах, тэгш байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Ёс зүйн кодыг бид ёс зүйн дүрэм гэж нэрлэдэг. Ихэнх оронд “код” гэдэг үгийг орчуулахгүй хэрэглэж байна. Манай улсад төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүд ёс зүйн кодгүй байх нь нийтлэг үзэгдэл. Ерөнхийдөө байгууллагын үйл ажиллагааны дотоод журамд оруулсан гэж үзээд ёс зүйн тусгай дүрэмгүй байдаг. Байгууллагын ёс зүйн дүрэм нь ажлын орчинд зөвшөөрөх, эс зөвшөөрөх зүйлсийг ёс зүйн үүднээс тодорхойлдог учир байгууллага дахь зөрчлийг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд харах удирдамж мөн. Энэ утгаар тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны суурь дүрэм гэж болно.

Тухайн байгууллагын эрхлэх үйл ажиллагааг ёс зүйтэй явуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх гол хөшүүрэг юм. Мөн байгууллагын нэр хүндийн үзүүлэлт болно. Нөгөө талаар байгууллагын хяналтын механизм. Байгууллага бүхэнд өөрийн үйл ажиллагааны онцлог, мэргэжлийн салбар, чиглэлээс хамаарсан ёс зүйн асуудал үүсэж байдаг. Иймд дүрэм, журмыг хавтсанд хийгээд эсвэл мэдээллийн самбарт наагаад мартдаг буруу зуршлаас салах нь зүйтэй.

Байгууллагад ямар үйлдэл зөв, буруу болохыг тогтоосон дүрмийг боловсруулж ажилтнуудаар хэлэлцүүлж, салбарын мэргэжилтэн ба хуульчдын саналыг тусгаж байгууллагын удирдлага баталдаг нийтлэг жишиг байна. Байгууллагын шийдвэр гаргахад ёс зүйн дүрмийг харгалзахыг ажилтнууд дэмждэг нь түүний хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна.

Ёс зүйн дүрмийг ажилтнуудад таниулж сурталчлах аргыг зөв сонгох нь чухал. Практик дээр ажлын байрны мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулах, олшруулж тараах, хөдөлмөрийн гэрээнд хавсаргаж өгөх, ажлын үнэмлэхийн ар талд жагсааж бичих, ажлын хэрэгцээний гарын авлагад нийтлэх, байгууллагын сургалтын явцад тодорхой кэйсээр жишээлэн тайлбарлах, сургалт зохион байгуулах зэрэг аргыг түгээмэл хэрэглэж байна.

Ёс зүйн дүрмийг маш хэрэгцээтэй гэж хүлээн зөвшөөрдөг хэдий ч идэвхтэй хэрэглэхгүйгээс үүдэж ач холбодлыг нь бууруулж үзэх, шаардлагатай үед эргэж харах, улиг болсон зүйл мэтээр үзэх ч бий. Байгууллагын дотор үүссэн ёс зүйн зөрчлийг ёс зүйн дүрмээс гадна дотоод журам, хуулийн хүрээнд олон талаас авч үзэх нь энэ талаар зөв шийдвэр гаргахад тустай.

Байгууллагын соёл, ёс зүй, үнэт зүйл салшгүй уялдаа холбоотой. Жишээ нь, зарим байгууллагын үнэт зүйл хүндэтгэл, шударга өрсөлдөөн, хамтын зүтгэл, хариуцлага зэрэг ёс зүйн утга илэрхийлсэн байдаг. Энэ үүднээс ёс зүйн код нь тухайн байгууллагын үнэт зүйлийн агуулгыг тусгадаг.

Удирдлагын зүгээс цалин тогтоох, ашиг хуваарилахад шударга хандах; ажилтнуудын хувийн амьдрал, эрүүл мэндийн талаарх мэдээллийг алдах, ажилтнуудад тэгш боломж олгохгүй байх; ашиг сонирхлын зөрчил гаргах зэргээс сэргийлэхэд ёс зүйн дүрэм чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлагын тогтолцоог сайжруулах гол хөшүүрэг юм.

Ёс зүйн дүрэм нь тухайн байгууллагын үйл ажиллагаа ёс зүйг эрхэмлэдгийг илтгэдэг учир харилцагч, хэрэглэгч нарт өндөр итгэлцлийг төрүүлнэ. Байгууллагууд ёс зүйн дүрэмдээ үндэслэн ёс зүйн хороог байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах нь байгууллагын үйл ажиллагааг чанаржуулахад тустай. Хороо нь дүрмийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна ёс зүйн зөрчил гаргасан талаар шийдвэр гаргах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, дүрмийг боловсронгуй болгох чиг үүрэг хүлээнэ.

Байгууллагын ёс зүйн дүрэм ямар ач холбогдолтой вэ? Үүнд:

- Байгууллагад таатай уур амьсгал бий болгох.
- Ёс зүйн зөрчлөөс болж үүсэх хохирол ба сөрөг үр дагавраас сэргийлэх.
- Ёс зүйн асуудал, маргаан гарах үед хэрхэн шийдвэрлэх гарцыг хэлэх.
- Ажлын орчинд баримтлах үүрэг, хариуцлагыг сайжруулах.
- Байгууллагын хамт олны эрх ашгаа хамгаалах дуу хоолой болох.
- Хамт олны баримтлах ёс суртахууны хэм хэмжээ, зарчмыг илэрхийлэх.
- Ажилтнуудад асуудлаа хамтаараа хэлэлцэх боломжийг бүрдүүлэх.
- Байгууллагад соёл, сахилга бат тогтоох.
- Хувийн болон байгууллагын эрх ашгийн үүднээс хориглох болон зөвшөөрөх зүйлийг тодорхойлох гэх мэт.

Тухайн байгууллагад хамт олны олонх нь ёс зүйн дүрмийг мөрдөж хэвшсэн бол шинэ ажилтан аяндаа дагах хандлага тогтдог байна. Байгууллагын ёс зүйн дүрэм нь ажилтныг зөв, ухаалаг, эелдэг, үнэнч, шударга, эв эетэй, хариуцлагатай байхыг шаардаж, улмаар байгууллагын бүхий л үйл ажиллагааг ёс зүйтэй удирдлагад чиглүүлдэг. Мөн байгууллагын стратеги, мониторинг, харилцааны суваг, ажлын дизайн, мэдээллийн систем, сонгон шалгаруулалт, урамшууллын тогтолцоо зэргийг тодорхойлох ерөнхий удирдамж, хөтлөх үзэл санааг агуулж байдаг. 

 

Нийтэлсэн: М.Золзаяа

Байгууллагын ёс зүйн дүрэм яагаад хэрэгтэй вэ  
Үзсэн: 14739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 22:58
Ямарч байгууллагад ,ёс зүйн журам заавал байх ёстой
Зочин [127.0.0.xxx] 2019-05-05 07:40
Их сайхан ойлгомжтой
Зочин [127.0.0.xxx] 2019-02-06 09:12
Энэ хэрэгтэй зүйл, манай улсад маш их хоцрогдоод байгаа юм шүү

Бидэнтэй нэгдээрэй