Шууд Chart

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

2025-08-01 15:23:33

Нийтийн эзэмшлийн талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байгаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж, Баянбүрдээс Дэнжийн 1000 өгсөх зам дагуу тос, тосолгооны түүхий эд борлуулдаг байршил дээр бид өнөөдөр ажиллалаа. Нийтийн эзэмшилд дур мэдэн контейнер байрлуулсан. Түүнийгээ түрээсэлдэг зөрчлийг илрүүллээ. Нийт 10 аж ахуйн нэгжийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан контейнер ТҮЦ-ийг чөлөөллөө. ААН-үүд газраа дур мэдэн өргөтгөж, барилга барьдаг. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй зөрчил их байна” гэлээ.

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 орчим байршилд хяналт шалгалт хийж байгаа аж. Газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байгааг хяналт шалгалтын холбогдох байцаагч нар хэллээ. Мөн шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг ангилан ялгаж, холбогдох бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн гэдгээ мэдэгдлээ. Ялангуяа тос, тосолгооны түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбайд худалдан борлуулах нь хүрээлэн буй орчиндоо болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хотын стандартад нийцэхгүй гэдгийг нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр тодотгов.


Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй