
Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийн соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.
2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали хотод болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын ес дэх удаагийн Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирчээ. Уг хэлэлцээрийг далайд гарцгүй Монгол, Парагвай, Болив зэрэг орнууд 2003 онд Мексик Улсын Канкун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын тав дахь удаагийн Бага хурлын үеэр анх санаачилсан юм байна. Мөн уг протоколд нэгдэн орох асуудлыг дэмжиж, НҮБ-тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол" сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ.
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр нь буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ сарын 11-ний байдлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орноос 96 нь хэлэлцээрт нэгдэн ороод байгаа аж. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь нийт 3 хэсэг, 37 заалттай юм.
Энэхүү хэлэлцээр нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтойг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Манай улс уг хэлэлцээрт манай нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажих; худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсны үндсэн дээр чадавхиа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх; дэд бүтцийг барьж байгуулах, ялангуяа худалдааны корридор, хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, худалдааны зардлыг бууруулахад чиглэсэн хил, гаалийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагаас тусламжийн хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн гаалийн байгууллага зэрэг олон улсын байгууллагаас гадна бусад донор орнуудаас үзүүлэх техникийн туслалцаанд хамрагдах боломж бүрдэх учраас манай улс энэхүү хэлэлцээрийг анхлан санаачлагч орнуудын нэгийн хувьд идэвхитэй байр суурийг баримталсаар ирсэн бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох нь зүйтэй хэмээн Засгийн үзэж байгааг сайд танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Марракешийн хэлэлцээрт нэгдэн орох талаар хэлэлцэв | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.