Шууд Chart

2020 оны Токиогийн зуны олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил эхэллээ

2016-12-03 14:59:03

2020 оны зуны олимпын 32 дахь удаагийн наадам Япон улсын Токио хотноо болно. Олимпын наадам болоход ердөө 4 жилийн л хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд олимпын наадмын гол үйл ажиллагааг зохион байгуулах төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил эхэллээ. Энэ нь анх төлөвлөж байсан хугацаанаас жил гаруйн дараа эхэлж байна гэсэн үг. Ингэж хугацаа алдсаны шалтгаан нь Японы засгийн газраас өмнө нь батлагдсан байсан Их Британийн алдарт архитекторч Заха Хадидын зураг төслийг хэт өндөр өртөгтэй гэж үзэн, түүний загвараас татгалзсантай холбоотой.

Шинзо Абегийн засгийн газар 2015 оны 7 дугаар сард дахин сонгон шалгаруулалт явуулж, Японы архитекторч Кенго Кумагийн зураг төслийг шалгаруулж, баталсан юм. Японы архитекторч Кенга Кумагийн зураг төсөл нийт 149 тэрбум йенийн өртөгөөр босохоор төлөвлөгджээ. 2020 оны Токиогийн Олимпын цэнгэлдэхийг 1964 оны Олимпын наадмыг зохион явуулсан Японы Үндэсний цэнгэлдэхийн туурин дээр байгуулах юм. Нийт 80 мянган хүний суудалтай, гурван давхар бүхий Олимпын шинэ төв цэнгэлдэхийн барилгыг Японы Тайсэй корпорацитай хамтран барих юм байна. Зураг төслийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэн ирэх 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орно.

Өнгөрөгч мягмар гарагт Японы засгийн газраас спортын зөвлөлдөө барилга барих зөвшөөрлийг нь өгсөнөөр пүрэв гарагаас барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Харин албан ёсоор төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын шав тавих ёслол энэ сарын 11-нд болох юм.  Токио хот 2013 оны 9 дүгээр сард Аргентин улсын нийслэлд болсонд Олон улсын олимпын хорооны 125 дугаар чуулганаар тус наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Өмнө нь 1964 оны зуны олимпыг зохион байгуулж байсан бөгөөд олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж байгаа Азийн анхны хот болох юм. Хүн төрөлхтний  их спортын наадам болох 32 дахь удаагийн зуны олимпын наадам ирэх 2020 оны 7 дугаар сарын 24-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана.

Их Британийн алдарт архитекторч Заха Хадидын зураг төсөл


2020 оны Токиогийн зуны олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил эхэллээ  
Үзсэн: 2411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй