Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар хамтран “Усны өдөр” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа тул усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, ундны усны эх үүсвэрийн хамгаалалт, чанар, аюулгүй байдлын асуудал цаашид улам бүр чухал болж байна.
Манай оронд жилд дунджаар 40 шахам үер бүртгэгддэг бөгөөд 1966 оноос хойш тохиолдсон томоохон дөрвөн үер тутмын гурав нь хүн ам олноор суурьшсан, нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод тохиолдсон байна. Үерийн улмаас ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэлтэй. Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Япон Улсад 301, Сингапурт 300, БНСУ-д 231 үзүүлэлтээр усны чанар, аюулгүй байдлыг шинжилдэг бол Монгол Улсад MNS 0900:2018 стандартын хүрээнд 89 үзүүлэлт тусгагдсан, иймээс Монгол Улсын ундны усны чанарын шинжилгээний арга, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг Стандарт, хэмжил зүйн газраас онцолсон юм.
Ташрамд сонирхуулахад, үерийн эрсдэлийн менежментийн суурь дараах стандартууд манай улсад мөрдөгдөж байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
-MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент-Удирдамж
-MNS ISO 22301:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага
-MNS ISO 24512:2012 Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ–Ус хангамжийн барилга, байгууламжийн ашиглалтын менежмент болон ашиглалт үйлчилгээний түвшин үнэлэх аргачлал.


| Монгол Улс ундны усанд 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.