Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-ны Түншлэл хариуцсан захирал Хун Кимтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Манай улс сүүлийн жилүүдэд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар том, дунд чадлын сэргээгдэх эрчим хүч болон нүүрсээр ажиллах эх үүсвэрүүд ашиглалтад оруулж буй. Тэдгээрээс үйлдвэрлэсэн эрчим хүчээр Улаанбаатар хот орчмын хэрэглэгчдийг хангахад одоогийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй тул өндөр хүчдэлийн (500 кВ) ЦДАШ-ын дэд бүтцийг шинээр байгуулах төслийн саналыг дээрх банканд өнгөрсөн жил тавьсан юм. Уг төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцлоо.
БНХАУ-ын Бээжинд төвтэй, 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус банк нь Ази болон бусад бүс нутгийн тогтвортой дэд бүтцийн хөгжлийг санхүүжүүлэх зорилготой олон талт хөгжлийн банк юм. Өдгөө 111 гишүүн, 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмждэг байна. Эрчим хүчний салбарт эрчим хүчний хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний шилжилт, үр ашиг, сэргээгдэх эх үүсвэр, бүс нутгийн эрчим хүчний холболт, мөн хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийг түлхүү дэмждэг аж. Тус банк уур амьсгалын санхүүжилтийг стратегийн гол чиглэлээ болгож, 2030 он хүртэл жил бүр санхүүжилтийнхээ 50-иас дээш хувийг уур амьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтад зориулах, уур амьсгалын нийт санхүүжилтийг 50 тэрбум ам.доллароос давуулах зорилт тавьжээ гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.
| Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна | ||
| Үзсэн: 47 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.