Шууд Chart

Шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгож эхэллээ

2017-02-06 17:52:23

Монголын гимнастикийн холбоо 2017-2020 оны олимпийн мөчлөгт ажиллах дасгалжуулагчдаа сонгон шалгаруулж эхэллээ. Олимпийн наадмын анхдагч төрлүүдийн нэг, бүх спортын тулгуур гэгддэг гимнастикийн төрлөөр спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн шигшээ баг, уран сайхны гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагчийг хоёрдугаар сарын 5-ны өдөр сонгон шалгаруулжээ. Тус шалгаруулалтад спортын гимнастикийн 5, уран сайхны гимнастикийн 4 дасгалжуулагчаас бүрдсэн нийт есөн хүн бүртгүүлсэнээс зургаа нь оролцсон байна. Эдгээр дасгалжуулагчид “Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангасан байх учиртай байсан юм.

Спортын гимнастикийн ОУХМ, 2010 онд Сингапур улсад зохиогдсон анхдугаар залуучуудын олимпийн наадмаас өөрийн шавь Г.Эрдэнэболдын хамтаар аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан Ц.Алтантөгс дасгалжуулагч энэ удаагийн байнгын бус шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн байна.

Тэгвэл уран сайхны гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагчаар спортын мастер Б.Болормаа сонгогдон ажиллахаар болжээ. Монголын гимнастикийн холбоо тус сонгон шалгаруулалтын дагуу Ц.Алтантөгс, Б.Болормаа нарыг спортын гимнастик, уран сайхны гимнастикийн ахлах дасгалжуулагчаар ажиллуулах хүсэлт гаргаж, үүнийгээ үндэсний шигшээ багийн албаны ажлын хэсэгт өгчээ. Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журмын дагуу орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн томилох эсэхийг эцэслэн шийдэх юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгож эхэллээ  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй