
Монгол Улсын Хүүхэлдэйн театрыг зорин очиход театрын захирал, яруу найрагч Ц.Хулан биднийг элэгсэг дотноор угтаж, үзвэрээ тухтай үзэхийг урив. Хүүхэлдэйн театрын хувьд “Мял Богдын намтар” сургамжит жүжиг нь сар шинийн нээлтийн жүжиг юм.
Үзвэрийн танхимд үзэгчид тус тусын суудлаа эзэлсэн байлаа. Тайзны урд болон үзэгчдийн суудлын хажуу эгнээгээр тусгай тавцан дээр зул асаасан харагдана. Үзэгчдийн олонх нь бага насны хүүхэд байв.
Жүжиг эхлэх цаг хэдийнэ болж, тайзны араас үзэгчдэд хандан “Үзэгч та бүхэн дараах зүйлийг анхаарна уу. Жүжгээ үзэхдээ анхааралтай сууж, ус ундаа уух, хүнсний зүйл авч орохыг хориглоно. Бусдыг болон өөрийгөө хүндэтгэж гар утсаа түр унтраана уу. Жүжгийн дуу, шум, эффект хэт чанга тул бага насны хүүхдийг анхааралдаа авна уу” гэж зарлалаа. Жүжиг эхлэхийн өмнө дуугардаг хонхны чимээ сэтгэлд хоногшжээ.
Удалгүй хөшиг нээгдэж жүжиг эхлэв. Үзэгчид гүн аниргүйд автлаа. Жүжгийн эхэнд Төвдийн нэгэн цаст гацаанд баян худалдаачин Мялшаравжанцангийнд хүү мэндэлжээ. Түүний гэрт нутгийн хүмүүс болон ахан дүүс нь цуглаж хүүхэд угаах найр хийнэ. Өөрийг нь эзгүй хойгуур мэндэлсэн учраас хүүдээ Тойвгоо хэмээх нэрийг хайрлав. Хэдэн жилийн дараа Тойвгоо охин дүүтэй болжээ. Түүний нэрийг Бида гэдэг. Тойвгоог долоон нас хүрмэгц түүний аав Мялшаравжанцан насан эцэслэж, ээж Нянца Гаржин хоёр хүүхдийн хамт бэлэвсэрч хоцрон зовлон зүдгүүр ихээр үзэв.
Өрх гэрийн ноён нуруу, эцэг хүн үгүй болоход ард нь үлдэж байгаа үр хүүхэд, гэргий нь маш их сэтгэлийн шаналал үзэж орчлонгийн бүхий л нугачааг давж гарах хэрэг гардаг. Дэргэд нь байсан уул овоо шиг хүн гэнэт үгүй болоход бүсгүй хүний зүрх “зогсдог” гэж ярьдаг. Цаг хугацаа л шархыг нь эдгээдэг байх. “Зогссон” зүрх нь эргээд цохилж эхлэхэд тэр нь зөвхөн үрийнхээ төлөө байдаг биз.
Тойвгоо хүү нэгэн хараалчид шавь орон хараалын хүчийг төгс эзэмшиж өөрт нь болон ээж дүүдээ шаналал авчирсан хүмүүсийг өрөвдөх сэтгэлгүй залхаан цээрлүүлдэг.
Өс хонзонгийн тост бамбар нэгэнт дүрэлзсэн бол харанхуй хонгилоор буруу зүгт биднийг хөтөлнө. Араас хархнууд үргэлж дагаж байдаг. Гэвч буцах зам үргэлж байдаг. Учир нь хархнууд гэрлээс айдаг. Зөв замыг үргэлж эрэлхийлэх аваас дэвшилтэт хүрдэг. Алдаа заримдаа зөв замд хөтөлж ч болно...
Тойвгоо буцах замаа зөв сонгов. Хараалд сургасан багш нь зөв замд хөтөлж нэгэн шидтэн дээр очихыг зөвлөдөг. Шидтэн түүнийг шавиа болгож, учир нь олдохгүй олон хэлбэрийн байшин бариулж буцааж нураалгадаг байв. Мөн багш нь үргэлж үгийн хатууг хэлдэг байлаа.
Хэрвээ нүгэл хилэнцэт хүн сайн сайханд хүрэхээр нэгэнт тэмүүлж яваа бол түүнд буцах зам үнэхээр үгүй билээ. Багшийн сургаалыг ёсчлон биелүүлвэл ямар гэгээн сайханд зорчиж болдгийг жүжиг өгүүлнэ. Биеэр бус сэтгэлээр ариусч зорилгоосоо шантарч няцдаггүй хүнийг амьдрал үргэлж шагнадаг. Үг дааж сурсан хүн өөрийгөө олсонд тооцож болно.
Багш шавьдаа үнэхээр их хайртай байсан. Гурвалжин, дөрвөлжин, дугуй хэлбэртэй байшингуудыг бариулсан учир нь гэвэл хүний бие нь гал, ус, шороо, хий, төмөр гэсэн таван махбодоос бүрддэг. Энэхүү таван махбод нь хүний өөрийн бие болоод өмнөх насандаа үйлдсэн муу үйлийн үрээр хиртдэг гэдэг. Тэгвэл энэхүү таван махбодоо угааж ариусгахыг багш шавиасаа хүссэн хэрэг. Хүнд хүчир ажилд хөлсөө урсгаж, зовлогоо зовоосны хүчинд Тойвгоо таван махбодоо бүхлээр нь ариусгаж чаджээ.
Гал махбодын ариусгал нь гурвалжин сац хэлбэрийн асар, усан махбод нь дугуй хэлбэрийн, хий махбод нь тал саран хэлбэрийн асар зэрэг байсан бөгөөд тэдгээрийг биеэр үйлдсэнээр Тойвгоо ариун гэгээрлийн замд оюунаа бэлджээ.
Багш хүний сэтгэлийн мөн чанар лааны гал мэт бусдад хүртээлтэй. Гагцхүү багш хүний сэтгэлийн гүн далайгаас түлхүүр шүүрч чадсан хүн л эрдэмд төгс суралцдаг. Цаст уул шиг хүмүүс хайлж эхлэхэд бусад хүмүүсийн сэтгэлд цэцэг дэлгэрдэг. Яг л уулын цас хайлж доорхи газрын бүхий л хүн амьтдыг ундаалдаг шиг.
Жүжгийн төгсгөлд Тойвгоог нутагтаа ирэхэд ээж нь дээлэндээ хөх яс болсон байдаг. Харин Тойвгоо номын хүчээр алдаа бүхнээ засна. Хийсэн үйлийн үр бүхэн төлөөстэй гэдэг. Заавал төлөх ёстой. Төлөхгүй байсан ч төлүүлэх болно. Төлөөсөнд чиний хамгийн үнэ цэнэтэй бүхнийг авч оддог. Энэ бол жам юм.
Тойвгоо нэгэнт шийдэж “Энэ хорвоод надад хоргодох юм алга. Эх болсон зургаан зүйл хамаг амьтанд туслахын үүднээс би алсын аглагт уулыг зорилоо. Өлсөж үхэж байсан ч идэх юм хайж уулнаас бууж ирэхгүй. Уйдаж гансарч байсан ч үг солих хань хайж уулнаас бууж ирэхгүй, хөлдөж үхэж байсан ч нөмрөх хувцас хайж уулнаас бууж ирэхгүй хэмээн сэтгэлийнхээ дотогш гүн чагнаж бясалгалд өөрийгөө зориулан хамаг амьтанд туслахын үүднээс бясалган суухаар шийддэг.
Ухаарал гэдэг цэцэг зулгаачихаад түүнийгээ буцааж үндэслүүлэхтэй агаар нэгэн зүйл. Аягаа хагалчихаад эвлүүлж наах мэт. Гэвч хэзээ ч өмнөх шигээ эвлэрэхгүй. Жүжиг ингэж дуусав.
Танхимд аниргүйн эс бүхнийг сэрээх мэт алга ташилт нижигнэж байлаа. Дэргэд суугаа бяцхан жаал ээжийгээ тэврэн санаа алдах нь уяралын утас хөндөх мэт. Үзэгчид гүн санаа алдана. Урд суугаа хосууд бие биесээ хайрын хүчээр адислах мэт тэврэлдэнэ. Энэ мөчид би өөрийнхөө царайг ширтэхийг хамгийн ихээр хүсч байлаа. Ийм сайхан театрт муу муухай яаж тогтох билээ гэж бодов.
Төд удалгүй тайзан дээр нийт уран бүтээлчид гарч ирэн үзэгчдэд ёсолж хүндэтгэл үзүүлэв. Саяхан л бурхан байсан хүн одоо харахад энгийн нэг залуу уран бүтээлч байлаа. Итгэл үнэмшил гэдэг л энэ байх гэмээр санагдана. Далдын сайн, муу хүч аль эсвэл дотоод сэтгэлийн орон зай хоёр юугаараа адил болохыг энд ирээд л мэдрэв.
Хөшиг хаахын өмнө театрын захирал, яруу найраг Ц.Хулан тайзан дээр гарч “Юуны өмнө биднийг хүндэтгэн энд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн толилуулж байгаа “Мял Богдын намтар” хэмээх 2015 оны 10 дугаар сард тавьсан энэхүү жүжгээрээ одоо “Сар шинэ”-ийнхээ тоглолтыг нээж байгаа юм. Хэлээд, хашгираад ойлгохгүй байгаа зүйлсийг бид урлагийн бүтээл болгож урлагийн хэлээр нийгэмд хүргэж байгаа юм аа. Хуучин монголчуудын хэлдгээр:
Уйлъя гэвэл Уушандарыг
Ухааръя гэвэл Мял Богдыг
Инээе гэвэл Ил Дандийг уншаарай гэж сайхан үг байдаг. “Мял Богдын намтар”-ыг үзсэн хүн нэгэн насаараа ухаардаг гэдэг” гэв.
Энэ танхимаас гармааргүй санагдах авч нэгэнт оройны 19 цаг 30 минут болжээ. Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон үзэгчид театрын захирал, яруу найрагч Цоодолын Хуланд баярласнаа илэрхийлж байлаа.
Хүүхэлдэйн театрын хаалгаар гарахад оройн жавар орчихсон байлаа. Хийсэн нүгэл минь юу болох тухай бодол болно. Хийж болох сайн сайхны тухай ч бас бодно. Даарсан нэгний гарыг дулаацуулж өгмөөр чиг. Хорвоод сайхан зүйл дэндүү олон санагдана. Нэгэн насны буян хурааж ариусах шиг болов. Одоо зөв замаар явах хэрэгтэй.
Л.Сайнбаяр
Мял Богдын гэгээрэлд хүрэх замыг гэрчлэв | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.