Шууд Chart

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ

2026-04-09 07:37:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Могол ноос” ХХК-д ажиллалаа.

Тус компани 1995 оноос хойш ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд жилд 5000 тонн ноос, ноолуур угаах, 150-200 тонн самнах, 150-300 тонн ээрмэл утас, 30-50 мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтад оруулжээ. Мөн ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болсон байна.

Компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхий эд, тоног төхөөрөмж худалдан авч, хүчин чадлаа нэмэгдүүлэн, ажлын байр бий болгосон талаар танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн онд ээрэх, оёдлын үйлдвэртээ 10-14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсныг онцолсон юм.

Компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл “Цагаан алт” хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд төдийгүй малчдын ахуй амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр үзүүлж байгааг хэлжээ. Мөн цаашид хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос, ноолуур, арьс шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ингэснээр ноолуурын үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 20 мянган тоннд хүрчээ. Самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрч, 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тонноор, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200 мянган ам метрээр, сүлжих хүчин чадал 3000 ам метрээр тус тус нэмэгдсэн байна.

Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны есөн банкаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.


“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй