
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан, ард олныг шинэ цагийн боловсрол соёлд сургаж явсан Нэмэндэйн Янжмаагийн “Эгшигт эх” үзэсгэлэн Монголын Театрын музейд нээлтээ хийлээ. Түүнийг "Сүхбаатарын Янжмаа" гэж саяхныг хүртэл нэрлэж ирсэн юм.
Сэцэн хан аймгийн Ёст Бэйсийн хошууны албат Нэмэндэйн гэрт охин мэндэлснийг төвдөөр “Эгшигт эх” буюу Янжмаа хэмээн нэрлэжээ. Тэрбээр өөрийн нөхөр жанжин Сүхбаатарын хамтаар Монголын төрд зүтгэхдээ МХЗЭ, МАХН-ын гишүүн, Намын төв комиссын гишүүн, Хотын намын хорооны гишүүн, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улс Төрийн Товчооны гишүүн зэрэг албыг хашиж байсан, 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн товчооны гишүүд дунд цорын ганц эмэгтэй гишүүн байжээ.
Гэрийнхээ дөрвөн хананы дундаас гарч үзээгүй Монголын эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оруулж, боловсролтой, ажил орлоготой бие даасан бүтэн хүн, бүтэн иргэн болоход Нэмэндэйн Янжмаа их хувь нэмэр оруулсан байдаг. Тэрбээр өөрийн залгамж халаагаа бэлтгэж чадсан нь их зохиолч Сономын Удвал агсан юм.
Нэмэндэйн Янжмаагийн гуч охин Д.Сүхжаргалмаа "Фэйсбүүк хуудсанд маш их түүх судлаач, сонирхдог хүмүүс байдаг. Түүнд нэг хүн миний эмээгийн их залуугийн зургийг тавиад "Та нар энэ хүнийг харж аваарай. Тухайн үед цэргийн алба хаших бол насаараа цөллөгт явсантай ижил байсан тэр үед таван жилийг зүтгэсээр байгаад 3 жил болгож байсан юм шүү. Монголын гэр бүлийг хадгалахад, хамгаалахад маш их хувь нэмэр оруулж байсан юм" гэсэн байсан. Миний эмээтэй холбоотой түүхэн үйл явдлууд маш их байдаг" гэж ярилаа.
Үзэсгэлэнг гаргахад гуч охин Д.Сүхжаргалмаа нь өөрт байсан эмээгийнхээ бүсийг, мөн тухайн үеийн Засгийн газрын чухал баримт бичиг болох хоёр дипломат паспортыг өгчээ.
Үзэсгэлэнгийн талаар “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн Ц.Наранчимэг "90 гаруй түүхэн зураг цуглуулсан. Түүнээс шаардлага хангах 78 зураг байснаас 72-ыг нь үзэсгэлэнд дэлгэсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн дарга нарыг хүмүүс ер нь мартчихсан байна. Тэр байтугай, Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж байсан, үгүйг ч мэдэхгүй хүн олон байна. Тиймээс мартахгүйн тулд үр хойчдоо судалгааны материал, эх архивыг бэлдэхийн тулд энэхүү үзэсгэлэнг гаргаж, цуврал арга хэмжээг зохион байгуулж байна" гэж онцоллоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр төр түшилцэж явсан Монголын цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Нэмэндэйн Янжмаагийн талаар цаашид судлах зүйл их байгааг гадаад, дотоодын судлаачид хэлж байлаа.
Д.Нарантуяа
Төр, нийгмийн зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаад зориулсан “Эгшигт эх” үзэсгэлэн гарлаа | ||
Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.