Шууд Chart

Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав

2026-07-03 19:17:38

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 70 гишүүн хүрэлцэн ирснээр 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, 12 асуудал хэлэлцэхээр товлов.

Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Тодруулбал, энэ сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Д.Пүрэвдаваа Г.Хосбаяр нараас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилсан байна.

Мөн энэ сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, М.Энхцэцэг нарын Улсын Их Хурлын 31 гишүүнээс өргөн мэдүүлсэн Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд, П.Сайнзориг нарын Улсын Их Хурлын 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилжээ. Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилжээ.

Нэгдсэн хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 72 гишүүн дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн 92 төслийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэсэн юм.

Энэ удаагийн ээлжит чуулганаар баталсан онцлох, чухал ач холбогдолтой хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэв. Засгийн газар болон О.Цогтгэрэл нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль болохыг дурдсан. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн дараа хувийн хэвшил, чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэхэд чиглэсэн, төр-хувийн хэвшлийн харилцааг тодорхойлсон чухал хуулийг хэлэлцэн баталж байгааг хэлээд “Энэ хуулиар төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчин урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

Энэхүү хуулиар төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, бизнест сөргөөр нөлөөлөх хуулийг батлагдсанаас хойш 6-аас доошгүй сарын өмнө мөрдөнө, нэг мэдээллийг төр нэг л удаа авах зохицуулалттай болж байна. Мөн төрийн хүнд суртлыг 2-3 дахин цөөрүүлж, эрчим хүч, санхүү, боловсролын салбарын 41 зөвшөөрлийг бүрмөсөн хүчингүй болгож байна.

Барилгын салбарт 1 үйл ажиллагаанд 3 зөвшөөрөл авахын тулд 3- 4 жил зарцуулдаг байсныг зогсоох юм. Нэгэнт авсан зөвшөөрлүүдийн хугацааг уртасгаж, тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээр олгодог болж байна. Зөрчилгүй бол ажлын 2 өдөрт багтаагаад сунгана. Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг 8-15 болгож цөөрүүлсэн. Татвар нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрлийг цуцлах, сунгахаас татгалзахыг хориглож байгаа. Нийтдээ 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлж байна. Хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож байгаа.

Гадаад, дотоодоос татсан зээлийн хүүгийн орлогын татварыг 5 хувь болгон бууруулж, гадна, дотроос хямд эх үүсвэр татах бололцоог бий болгож байна. Улаанбаатарт 20 тэрбум төгрөг, орон нутагт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахад 10 жилийн тогтворжуулалт олгоно. 50 тэрбум төгрөгөөс дээш бол байршлаас үл хамааран 15- 20 жилийн баталгаа өгнө. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дата төв хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь хөнгөлж, дэвшилтэт технологи, хүнс, аялал жуулчлалын салбарыг гадаадын ажилтны ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна.

Өмнө зөвшөөрснөөс бусдыг хориглодог байсан бол одоо хориглосноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суурь зарчим бүрэн үйлчилж эхэллээ” гэв. Ойрмогхон Улсын Их Хурлын баталсан татварын багц хуулиуд ч мөн бизнес эрхлэхэд тулгарч байсан санхүүгийн дарамтыг багасгах, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн болохыг тэрбээр дурдав. Хувийн хэвшлийн орон зай тэлэх тусам эдийн засаг эрүүлждэг, ядуурал буурдаг гэдгийг нийтээрээ зөвшөөрч, яаралтай горимоор хэлэлцэж, эдийн засгийн эрх чөлөөг тунхагласан Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийллээ.

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 86 гишүүн дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 17 төслийг эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Дараа нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 82 гишүүн дэмжиж баталсан, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 15 төсөл нэг бүрийг нийт гишүүний олонх дэмжснээр эцэслэн батлав.

Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 27 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт хийлгүй мөрдөж ирсэн юм. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч байгааг гишүүд дурдаад “Хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээж нар их хохирдог байсан хүндрэлийг зохицуулах, асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2014, 2018, 2019, 2023 онд төслийг өргөн мэдүүлээд батлуулж чадаагүй.

Энэ хуулийн шинэчлэл удааширсны улмаас гэр бүлийн харилцааны өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг шийдүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сард Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлснийг өнөөдөр баталлаа. Хууль батлагдсанаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол нь гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болж байгаа. Гэрлэлтийн өмнөх гэр бүлийн боловсролын тогтолцоог бий болгож, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтуудыг тусгасан. Гэрлэгчдийн эрх, үүргийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож, гэрлэлт цуцлах ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүллээ.

Гэр бүлээс гадуурх харилцааны эрх зүйн үр дагавар болон хамтын амьдралтай холбоотой эд хөрөнгийн харилцааг мөн зохицуулсан. Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, нөхөн үржихүйн туслах аргаар хүүхэдтэй болохтой холбоотой харилцааг хуульчиллаа. Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг нарийвчилж хүүхдийн өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг бий болгон, тэжээн тэтгэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгон, тэтгэлэг төлөхөөс зайлсхийгчдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Асран хамгаалах харгалзан дэмжих тогтолцоог шинэчлэн, үрчлэлтийн ажиллагааг боловсронгуй болгож байнга” хэмээв.

Хууль батлагдсанаар Монгол Улсын гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалт сайн жишиг бүхий улс орнуудын хэмжээнд хүрэх бодит бололцоо бүрдэж байгаа аж.

Дараа нь Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжснээр эцэслэн баталлаа. Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 79 гишүүн, Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81 гишүүн, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 77 гишүүн дэмжиж, эцэслэн баталсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 79 гишүүн, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 82 гишүүн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77 гишүүн дэмжснээр эцэслэн батлав.

Хүний эрхийг хангах хамгаалах эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөллийн тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагын үр нөлөөг дээшлүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүний эрхийн баталгааг сайжруулах, хуульчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, төрийн хөгжлийн бодлогыг хүний эрхэд суурилсан зарчимтай уялдуулах эрх зүйн зохицуулалтууд улам боловсронгуй болж байгаа хуулиуд батлагдаж буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 77 гишүүн дэмжин баталсан бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нийт гишүүний олонх тус бүрд нь дэмжснээр эцэслэн баталлаа.

Газрын тосны тухай 1991 оны хуулийн хүрээнд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалах тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашиглан төлбөрийн зохицуулалтыг олон улсын гэрээтэй адилтган, гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс илүү одоо ингээд тодорхой болж байгааг С.Бямбацогт энэ үеэр тэмдэглэв.

Хууль батлагдсанаар газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжих сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа аж. Цаашлаад урт хугацаандаа төр болон хөрөнгө оруулагчийн хоорондын маргаан буурч, газрын тосны салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдал хангагдах, эдийн засаг, нийгэм, хууль зүйн эерэг үр дагавар бий болно хэмээлээ. Ялангуяа, монголчууд Газрын тос боловсруулах үйлдвэртэй болж байгаа энэ үед үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэх юм байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжиж, эцэслэн баталсан.

Ийнхүү хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталсны дараа Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ч.Анар, Ж.Баярмаа нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа холбогдох санал хураалтыг 15.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт товлов.

Нэгдсэн хуралдаан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын өмнө Пүрэв (2026.06.25) гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан /дэлгэрэнгүйг эндээс/. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар О.Номинчимэг, П.Наранбаяр, С.Эрдэнэбат, Ч.Ундрам нарын гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу асуулт асууж, Э.Бат-Амгалан сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Иймд Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулаад, дараагийн асуудлыг хэлэлцэв.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Улсын Их Хурлын өмнө Пүрэв (2026.06.25) гарагийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан /дэлгэрэнгүйг эндээс/ юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар урьдчилан өгсөн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, О.Саранчулуун, Н.Алтаншагай, Ч.Ундрам, Ж.Галбадрах, А.Ундраа нар асуулт асууж, Э.Бат-Амгалан сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг товлосон цагт явуулахаар хойшлуулаад, дараагийн асуудлыг буюу Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа нарын 65 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлээ. Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

 


Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоолын төслийг батлав  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй