
Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 18, 19-нд үргэлжилсэн 30 сая вонын шагналын сантай БНСУ-ын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон ба багийн бүрэлдэхүүнд Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж, Туслах дасгалжуулагч М.Уранбилэг болон 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (18 нас), ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (18 нас), Их Мастер Б.Ариунсанаа (15 нас), ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (15 нас), Б.Хангал (12 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Энхлүүн (8 нас) /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Бадам-Аюуш (14 нас) /Азийн аваргын мөнгөн медальт/, Л.Чанцалдиймаа (18 нас), А.Нэргүй (17 нас), Б.Анхбат (17 нас), Ч.Марал (17 нас), С.Жавхлантамир (17 нас), Б.Намуундарь (16 нас), Э.Мишээл (16 нас), Б.Лхагвадорж (16 нас), Г.Энхлэн (15 нас), Ч.Энхсанаа (14 нас), О.Түвшинзаяа (12 нас), З.Тэмүүжин (11 нас) гэсэн тамирчид амжилттай оролцжээ.
Тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэмцээний 10 төрлийн нийлбэр дүнгээр Дэлхийн чансааны #2, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер, Германы тамирчин Johannes Mallow түрүүлсэн бол хоёрдугаар байрт Дэлхийн чансааны #9, 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, гуравдугаар байрт Дэлхийн чансааны #23, Өсвөрийн дэлхийн дэд аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхшүр нар эхний 3 байрт оржээ.
Тус тэмцээний өсвөр насны ангилалд 10 төрлийн нийлбэр дүнгээр ОУ-ын Мастер Э.Лхагвадулам түрүүлсэн бол Их Мастер Б.Ариунсанаа 3-р байрт орлоо. Харин бага насны ангилалд Б.Хангал, О.Түвшинзаяа нар хоёр, гуравдугаар байрт тус тус эзэлжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцсон манай тамирчдын ихэнх нь 4-5 сар хичээллэж буй шинэ суралцагчид байсан аж. Мөн багийн бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгаас 3 тамирчин, Орхон аймгаас 2 тамирчин багтаж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Энэ тэмцээнээс 41 медаль хүртсэнээр монголчууд Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоогоод байна.
БНСУ-ын Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд монголчууд багаараа тэргүүллээ | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.