
“Манан зүсэгч” кино “Хүннү молл” цогцолборт нээлтээ хийгээд удаагүй байна. Тус киног найруулагч, зохиогч Л.Эрхэмбүрэн бичиж, найруулжээ.
Өнгөрсөн баасан гарагийн орой 18 цагт нээлтээ хийх зар тараасан байсан тул биднийг очиход үзэгчид аль хэдийнэ цугларсан байлаа.
Кино 19:30 цагаас эхлэх ёстой байж. Нээлтийн үйл ажиллагаа товчхон болсон тул үзэгчдэд кино эхлэх цагийг хүлээх “том сорилт” тулгарсан юм.
Ингээд цаг гаруй хүлээсний эцэст кино эхлэх хугацаа болов. Кино театрын бүх суудал дүүрсэн харагдана.
Кино хэсэг залуус нэгэн эмэгтэйн амь насыг бүрэлгэсэн байгаагаар эхлэх аж. Залуус шоронд орох ч чухам ямар шалтгаанаар эмэгтэйн аминд хүрсэн нь нууц хэвээр байлаа. Аливаа юмс эхэндээ таавар мэт байх нь элбэг. Харин түүнийхээ хойноос шаргуу хөдөлмөрлөж, зүтгэж чадвал эцэст нь түлхүүрийг нь олох л болно. Хичнээн ядарч, шантарч байсан ч гүнзгий амьсгаа аваад дараагийн гишгүүрийг гишгэдэг байх ёстой. Үүний адил бүгд л тэр шатыг хаана хүрэхийг мэдэхгүй байж өгссөөр л байдаг. Энэ бол дөнгөж эхлэл...
Тэд нэгэн залуугийн тусламжтай шоронгоос оргож, улмаар цас ихтэй модтой ууланд бүгэх бөгөөд цагдаа нар тэднийг хайн ойг бүхэлд самнана. Өвлийн идэр хүйтэн болж байсан учир тэдэнд маш их асуудал, зовлон учирна. Зовлонгийн түлхүүрээр жаргалын үүдийг нээдэг гэдэг. Шатаар өгсөх явцад дээрээс маш олон төмөр бөмбөг өнхөрч ирэх бөгөөд оногдохгүйн тулд бултах шаардлагатай. Хэрвээ бултахгүй бол тэр бөмбөгүүдэд оногдож доош унана. Амьдрал яг л адал явдалт тоглоом шиг. Бид заавал тэрхүү тоглоомыг тоглох ёстой. Энэ бол амьдралын дүрэм...
Киноны төгсгөл хэсэгт орооцолдож зангилагдсан бүх хэргийн зангилаа тайлагдана. Өгсүүр шат дуусахад маш олон түлхүүр байна. Тэр түрхүүрээс зөвийг олох гэж маш их цаг хугацаа шаардана. Гэвч тэр түлхүүр чамтай хамт хаалгыг нээхээр оролдож буй хэн нэгэнд байдаг. Магадгүй чамд ч байж болно. Хэрвээ тэр түлхүүрийг олсон бол хаалгыг нээж оруулах ёстой хүмүүсээ оруулж, бусдыг нь түлхэх хэрэгтэй. Тэр л төгс ялалт юм...
Кинонд сэтгэл хөдөлгөмөөр, уйлуулмаар, инээлгэмээр олон үйл явдал гарна. Хүнд ухаарал хайрласан, урам зориг нэмсэн сайхан бүтээл болжээ.
Ийнхүү нэг цаг 30 минут үргэлжилсэн кино дуусав. Үзэгчид алга ташилтаар шинэхэн уран бүтээлийг мялааж байлаа. Зарим нь уйлсан харагдана. Санаа алдаж, бодолд автсан үзэгчид театраас гарлаа.
Уран бүтээлч хүний аз жаргалтай мөч нь үзэгчид уран бүтээлийг нь сэтгэлээсээ хүлээж авдаг тэр л мөч байдаг байх. Энэхүү киног түлхүү шинэ, залуу уран бүтээлчид бүтээсэн болохоор илүү шинэлэг байж чадлаа.
Л.Сайнбаяр
“Манан зүсэгч” | ||
Үзсэн: 2683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.