Шууд Chart

74 кг-ын “дархлагдсан” аварга

2017-03-23 09:57:35

Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Доржваанчигийн Гомбодорж шиг нэг жинд 12 жил тасралтгүй УАШТ-ээс медаль хүртсэн түүх одоогоор байхгүй.

Тэрбээр 1998 онд өөрийн ихэр Д.Түгждоржийн хамт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболдод шавь орж, “Хангай” клубт чөлөөт бөхийн цагаан толгойг заалгаснаас хойш дэвжээнээс холдолгүй 20-иод жилийн нүүр үзэж байна.

2001 онд өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн нь түүний амжилтын эхлэл байсан гэхэд хилсдэхгүй. Чухам энэ л үеээс тэрбээр бөхийн хүрээнийнхэнд танигдаж эхэлсэн. Ирэх жил нь залуучуудын УАШТ-д мөнгөн медаль хүртэж, удаах хоёр жил нь түрүүлсэн юм.

2003 онд 18 настайдаа XX зууны манлай бөх З.Ойдовын нэрэмжит ОУТ-д түрүүлж “Ах нар”-тайгаа энэ тэнцүү үзэх хэмжээнд хүрсэнээ зарласан. Дараа жил нь "Монголын Олимп" гэгддэг Монголын бүх ард түмний XI спартакиадын 66 кг-ын жингийн шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны дэлхийн шилдэг бөх, гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг ялж 19 настайдаа аваргалж, намар нь “Монгол говь” ОУТ-д нэг амьсгаагаар түрүүлж байв.

Үүнээс хойш Д.Гомбодоржид чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч, мэргэжилтнүүд том итгэл найдвар хүлээлгэх болсон юм. Харин ирэх жилийнх нь УАШТ-д медалийн гадна үлдсэн нь түүнд томоохон сургамж болжээ.

Д.Гомбодорж 2006 онд одоогийн 74 кг-д хүрэл медаль хүртсэнээс хойш 12 жил тасралтгүй энэ жиндээ медаль хүртэж, ямархуу хэмжээний “аранга”-тай бөх гэдгээ харуулсан, одоо ч мэдрүүлсээр явна.

Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д нийтдээ зургаан удаа түрүүлж (2004, 2007, 2008, 2009, 2015, 2017 он), дөрвөн удаа үзүүрлэж (2010, 2011, 2013, 2016 он), гурван хүрэл (2006, 2012, 2014 он) медаль хүртээд байна.

Азийн наадам, Азийн АШТ, оюутны ДАШТ, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ, Дмитрий Коркин, Геннадий Махутов, Динмухамед Кунаев, Уурхайчдын цом, “Mongolia Open” ОУТ-ээс авсан медалийг нь тоолж бичвэл нэлээд зай эзлэх биз ээ.

Алдарт бөх Д.Оюунболд шавь нарынхаа ид амжилт гаргах үед тэнгэрт халиагүй байсан бол шавь нарынх амжилтын дээд хязгаар хэрхэх байсныг хэлж мэдэхгүй байна. Д.Гомбодоржоос гадна ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-йи мөнгө, хүрэл медальт Б.Батзориг, оюутны дэлхийн аварга Д. Лхагвадорж, улсын хошой аварга Д.Түгждорж, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Ц.Оюунболд, З.Ойдовын нэрэмжит ОУТ-ий аварга, залуучуудын улсын дөрвөн удаагийн аварга С.Ганбаяр тэргүүтэй олон шилдэг шавь нарт нь анхны багшийн орон зай үгүйлэгдэж, зарим нь бөхөө эрт орхиж, санасан хэмжээнд амжилт үзүүлж чадаагүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

74 кг-ын “дархлагдсан” аварга   
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-25 10:36
мундаг

Бидэнтэй нэгдээрэй