Шууд Chart

Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2025-08-12 17:11:45

Тээврийн прокурорын газар нь Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутагт дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавин ажилладаг.

Тус прокурорын газраас 2025 оны эхний 7 сарын байдлаар нийт 1.838 зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас 1.258-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 884-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хяналт тавин ажилласнаас мотоциклтой зам тээврийн осолд өртсөн 289 тохиолдол бүртгэгджээ.

Мотоциклтой зам тээврийн осолд өртсөн 289 тохиолдол бүртгэгдсэнээс эрүүл мэндэд нь хохирол учирсан 158, нас барсан 3 тохиолдол байгаа нь өмнөх оны мөн үеэс бүртгэгдсэн осол 39 хувиар, эрүүл мэнд нь хохирол учирсан тохиолдол 26 хувиар тус тус өссөн.

 

Шүүхээр шийдвэрлүүлсэн 18 хэргийн шалтгаан, нөхцөлийг авч үзвэл Мотоцикл жолоодож яваад зам тээврийн осол, хэрэгт холбогдож, хохирсон шалтгаан нөхцөлийн дийлэнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8-н “а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ;”

11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”,

11.2-д заасан “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.”,

11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,

12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.

Иймд мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо тод өнгөтэй болон гэрэл ойлгогч материал бүхий хамгаалалтын хувцас, малгай өмсөж хөдөлгөөнд оролцох, өдрийн цагаар урд гэрлийг асааж явах нь бусад хөдөлгөөнд оролцогч нарт анзаарагдах боломжийг нэмэгдүүлэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм, гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийг мөрдөж, бусад тээврийн хэрэгслээс зай барьж явах нь гэнэтийн ослоос сэрэмжлэх боломжийг олгох бөгөөд эдгээр зөвлөмжийг мөрдсөнөөр та зам тээврийн осолд орох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг Тээврийн прокурорын газраас анхааруулж байна.


Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй