Шууд Chart

Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна

2025-08-12 17:56:55

 

Яармаг–Арцат–Өнөр хорооллын чиглэлд баригдаж буй Дүүжин замын төсөл нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажлыг 2025 оны хавраас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусч, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа бөгөөд уг ажил нийт гүйцэтгэлийн 5 хувьд хүрээд байна. 

Төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулж байгаа бөгөөд эдгээрээс 67 чингэлэг төслийн талбайд буусан. Пома группын төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан угсралтын баг тулгуур баганын металь эд ангиудын холболт хийж гүйцэтгэж байсан бол эдгээр бүтээцүүдийг тулгуур баганы суурийн талбайд байршуулаад байна. Улмаар үндсэн тулгуур баганыг суурьлуулах ажил ирэх 7 хоногоос эхэлнэ.

Харин төслийн хоёрдугаар шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн дүүжин зам нь 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөгдөж байгаа юм. Уг төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын хөдөлгөөний дундаж хурдыг 4.0 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүн амын нягтаршилтай бүсүүдийг холбох, жуулчдын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна. Нийтийн тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн, байгальд хоргүй, шинэлэг шийдлийг нутагшуулахад чиглэж буй энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар


Дүүжин замын тээвэр төслийн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулна   
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй