Шууд Chart

Умард Солонгос Дональд Трамп, Си Зиньпин нарын уулзалтыг угтаж пуужин туршив уу

2017-04-05 18:17:58

Умард Солонгос өнөө өглөө зүүн эргээсээ дунд тусгалын пуужин туршлаа гэж Өмнөд Солонгос, АНУ, Японы талаас мэдээлж байна. Умард Солонгос АНУ болон БНХАУ-ын дарга нарын дээд хэмжээний уулзалтаар Бээжин, Вашингтон өөрийнх нь эсрэг байр сууриа нэгтгэх вий гэсэн болгоомжлолын үүднээс пуужин туршив уу гэж Өрнөдийнхөн таамаглаж байна.

Одоогоор Си Зиньпин, Дональд Трамп нар Умардыг цөмийн болон пуужингийн хөгжлөө хязгаарлахад нэмж шахалт үзүүлэх асуудлыг ярилцах төлөвтэй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Хятад улс Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсооход эдийн засгийн аргаар нөлөөгөө ашиглах боломж бий гэсэн өнцгөөс Хятадын талд хандаж байна.

Умард Солонгос ямар ч төрлийн баллистик пуужингийн технологи турших нь НҮБ-ын тогтоолуудаар хориотой байгаа. Гэвч Умард Солонгос энэ хоригийг үл ойшоож, өөрийгөө хамгаалах, мөн сансар огторгуйд судалгаа хийх нь бүрэн эрхтэй гэж өөрийн үйлдлийг өмгөөлдөг юм. Өнөөдөр хийсэн туршилтыг Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд зэмлэн буруушааж, Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулсан байна. Мөн Умардын энэ өдөөн хатгасан үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна.

АНУ Умард Солонгосын асуудалд үнэхээр тэвчээр алдагдсан, одоо АНУ Умардын асуудалд олон хувилбараар ажиллана. Тухайлбал, цэрэг зэвсгийн, дипломат арга замаар, эсвэл эдийн засгийн аргаар гэх мэтээр сонголтууд бий гэж ТНБД Рекс Тиллерсон Хятад улсад айлчлах үедээ мэдэгдсэн юм. Умард Солонгос хоёр долоо хоногийн өмнө зүүн эргээсээ мөн л баллистик пуужин харвасан боловч туршилт амжилтгүй болсон гэж Өмнөдийн тал үзэж байна. 

Түүнчлэн гуравдугаар сарын эхээр нэг өдөрт дөрвөн пуужин харвасан. 2016 оны нэгдүгээр сараас хойш цөмийн зэвсгийн хоёр удаагийн туршилт хийгээд байгаа юм. Америк, Өмнөд Солонгосын батлан хамгаалах, тагнуулынхан өөрсдийн мэдээлэлд үндэслэж өнөөдөр харвасан пуужинг дунд тусгалтай, шинэ загварын баллистик пуужин байж магадгүй гэж таамаглаж байна. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Умард Солонгос Дональд Трамп, Си Зиньпин нарын уулзалтыг угтаж пуужин туршив уу   
Үзсэн: 2103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй