
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон.
Сангийн сайд, ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулсан юм. /Сангийн сайдын хийсэн танилцуулгатай эндээс танилцана уу/
Сангийн сайдын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг ОУВС-аас тавьсан. Гэтэл салбарын сайдуудын урсгал зардал нэмэгдсэн талаар сүүлийн үед яригдаж байна. Үүнийг шалтгаан нь юу вэ хэмээн лавлаж байлаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох, хүнсний талоныг хэрхэн олгох талаар тодруулсан.
Сангийн сайд, бодит байдал дээр сайдын нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан гэдгийг дурдаад урсгал зардал өссөн мэт харагдаад буйн шалтгааныг тайлбарласан. Өмнөх онд хөрөнгө оруулалт хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байсныг зогсоон Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан аж. Ингэснээр хөрөнгө оруулалт нэг эх үүсвэрээс буюу улсын төсвөөс санхүүждэг болж хуучин Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэтээр харагдуулаад байгаа гэлээ. Түүнчлэн Засгийн газар мах, сүүний аяныг эхлүүлэх болсонтой холбогдуулан үүнд шаардагдах урсгал зардал мөн салбарын сайдын төсөвт тавигдсан байна. Мөн ипотекийн зээлийн хүүгийн зардлыг төсөвт тусган оруулж ирсэн гэдгийг Сангийн сайд дурдсан.
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ яг 40 хувьд гэж хэлэхэд хараахан эрт байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дуулгасан. Учир нь орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 22.00 цагт дууссан байна. Энэ судалгааг нэгтгэж байгаа бөгөөд энэ судалгаагаар өрхийн мэдээллийн санг шинэчлэн, амьжиргааны түвшинг шинэчлэн тогтоох юм байна. Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох аж. Судалгааны дүн гарсны дараа хэчнээн хүүхдэд хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болно гэж тайлбарласан.
Мөн тэрбээр, нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөр хэрэгжих хугацаанд эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд эн тэргүүнд анхаарна гэдгийг дуулгасан.
Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан Байнгын хорооны санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.