Шууд Chart

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2017-04-11 16:11:37

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Одоогоор нийт өрхийн 60 хувийг хамруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тооцож “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн ба 2016 оны гүйцэтгэлээр сард дунджаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүүхдийн мөнгө авах 617 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг олгосон. Хүүхдийн мөнгөнд 2016 онд 223.2 тэрбум төгрөг батлагдаж 218.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон ба 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байгаа бөгөөд Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хэмнэгдэх хөрөнгийг одоогоор харьцангуй хязгаарлагдмал хүрээнд буюу 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон”  хөтөлбөрийн хамрах хүрээ, багцын нэр төрлийг өргөжүүлж эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлнэ гэж тооцжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Я.Санжмятав, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүн гарсны дараа дээрх тоо өөрчлөгдөнө хэмээн хэлж байлаа. Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй