
Дорноговь аймагт өнгөрсөн оны эцсийн байдлаар хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 200 гаруй иргэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс нь мэдээлэл авах, нийгмийн харилцаанд оролцох боломж нь хязгаарлагдмал байдаг учир хэсэг хэсгээрээ нийлэн ажиллах тохиолдол олон байдаг.
Өөрөөр хэлбэл талх нарийн боов хийж, дэлгүүр ажиллуулж, барилгын дотоод засал чимэглэл хийн огтхон ч гараа хумхилгүй хөдөлмөрлөж байна. Тэдний нэг нь өглөө бүр Сайншандчуудад “Шинэ талх”-аа хүргэдэг Батбаяр, Тунгалаг нар юм.
Хэдийгээр сонсголын бэрхшээлтэй боловч 200 гаруй хүнийг өдөр тутам шинэхэн, чанартай талхаар хангахаар ажилласаар байна. Тэд 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийн сангаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд олгодог сая төгрөгийн буцалтгүй тусламжид хамрагдснаар ийнхүү боломжийн бизнесээ эхлүүлжээ
“Шинэ талх”-аа тэд том, жижиг хоёр төрлөөр хийж дэлгүүрүүдэд нийлүүлэн 1100-1400 төгрөгөөр худалдаалдаг аж. Цаашид өрөө тасалгаагаа томруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байгаа боловч байр цахилгааны түрээсийн төлбөрт нэлээн төгрөг зарцуулагдах учир ашиг бага олохоор байна гэв.
Тэдэнтэй нэгэн адил хөдөлмөр эрхлэлж байгаа М.Энхцэцэг 2008 оноос дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг байсан бол 2014 онд “Алтан арвижих” ХХК-ыг үүсгэн байгуулж, хүнсний зургаан нэр төрлийн дэлгүүрийг ажиллуулж байна.
Өөртэйгөө адил бэрхшээлтэй гурван хүнийг ажлын байраар хангасан М.Энхцэцэг нь энэхүү үйл ажиллагааг явуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гардаггүй, төрөөс ямар ч дэмжлэг хүсдэггүй хэмээн ярьж байлаа. Гэвч сонсголын бэрхшээлтэй иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, нийтийн тээврээр зорчиход багагүй хүндрэл үүсдэг учраас энэ асуудлуудаар аймгийнхаа удирдлагуудад санал хүргүүлсэн байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт сайжирч байна | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.