
Германчууд энэ зургийг Леонардо Да Винчигийн алдарт Моно Лизагийн дараа орох бүх цаг үеийн хамгийн шилдэг уран зургаар нэрлэдэг байна. Карл Шпицвегийн хошин өнгө аястай, шог зургууд нь хүмүүсийн сэтгэлийг ихэд татаж, утга зохиол, яруу найраг гээд урлагийн бүхий л салбарт жишээ болон дурсагдсаар иржээ. Түүний “Ядуу шүлэгч” хэмээх энэ зураг хоёр ч удаа галерейгаасаа алдагдаж байв. Энэ бүтээлд тэрээр бодит байдлыг реалист маягаар илэрхийлсний зэрэгцээ ялимгүй хошин дүрслэлээр өнгө нэмжээ. Дээврийн дусаалыг сэмэрсэн, ноорхой шүхрээрээ халхлан хэвтэх ядруухан шүлэгчийг гол дүрээ болгосон энэ зургийг түүний 1500 гаруй бүтээлийн охь гэж үздэг юм. Шпицвегийг бүх цаг үеийн агуу уран бүтээлчид дундаас реалист, чамин тансаг, мөн шог хошин өнгө аясыг гурвууланг нь хослуулан бүтээлээ туурвидаг, сод авьяастан гэж үнэлдэг. Тэрээр уламжлал болсон хөрөг зураг, эсвэл байгалийн зураглалыг цаасан дээр буулгахаасаа илүүтэй аливаа өвөрмөц дүр байдлыг шог, хошин аясаар, егөөдөн дүрсэлдэг байв.
Карл Шпицвег бага насандаа уран зурагт төдийлэн шимтдэггүй хүүхэд байжээ. Тэрээр Мюнхэний их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөнийхээ дараа хүндээр өвдсөн хэдий ч бүрэн эдгэрээд зогсохгүй, урлагт хайртай, уран зурагт сонирхолтой нэгэн болж өөрчлөгдсөн юм. Карл эхэндээ алдартай зураачдын бүтээлийг дууриан зурдаг байв. Түүний бүтээлүүд тухайн үеийн шог, хошин сэтгүүлүүд дээр нийтлэгдсэнээр нэр алдар нь олонд түгэх эхлэл нь болсон гэж үздэг. Тэрээр амьдралынхаа туршид нэгэн буйдхан хотхоны дээврийн хөндийн өрөөнд цор ганцаараа амьдарсан байна. Гэрт нь зочилсон анхны зочин болох Австри гаралтай зураач Мориц Швайнд өөрийн мэргэжил нэгт нөхрийг тэр жижигхэн өрөөндөө үргэлж бясалгаж, бүрэн төвлөрдөг байсан гэжээ. Эрвээхэй ангуучлагч хэмээх энэ зургийг Карл 1840 онд зурсан юм. Аварга том хоёр эрвээхэйн зүг нарийнхан тороо барьсаар зоригтой нь аргагүй алхлах байгаль судлаачийн нүдний шилэн дээр гэрэл ойж харагдана. Зураач энэ зурагтаа байгалийн дүр төрхийг нарийвчлан буулгаж, өнгө будгийн зохицлыг гайхалтай илэрхийлж чаджээ. Үүгээрээ ч тэрээр бүх цаг үеийн алдартай зураачид дотроос бодит байдал, чамин тансгийг хослуулж, шог хошин аясаар хөг нэмж чаддаг, сод уран зураач үнэлэгддэг юм. Тэрээр Лондон, Праг, Венец, Парис гээд Европ дахь урлагийн төв болсон бүхий л газруудаар аялжээ. Ингэхдээ тухайн цаг үеийн уран зургийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж, туршлага солилцон, улам ихийг таньж мэдэхэд шамддаг байлаа. Карл Шпицвег амьдралынхаа сүүлийн он жилүүдийг шог, хошин аястай уран зургууддаа зориулсан гэж хэлж болно. “Ням гаригийн алхалт” хэмээх энэ зургийг тэрээр 1841 онд зуржээ. Тариан талбайн дундуур сүм рүү алхаж яваа гэр бүлийн гишүүн бүр өөрийн өвөрмөц дүр байдлыг гаргасан нь энэ зургийг хошин өнгө аястай болгожээ. Зураачийн шог, хошин мэдрэмж, өнгө будгийн зохицолтой хосолсноор энэ бүтээлийг олонд алдаршуулж, үе үеийн урлагийн төлөөллүүд иш, жишээ болгон дурсдаг байна.
“Ядуу шүлэгч” хэмээх зураг хоёр ч удаа галерейгаасаа алдагдаж байв | ||
Үзсэн: 3046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.