Шууд Chart

БНСУ-ын ард түмэн шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна

2017-05-09 14:35:19

БНСУ-ын Ерөнхийлөгчийн 19 дэх удаагийн сонгуулийн санал хураалт өнөө өглөө 06:00 цагт эхэлсэн байна. Сонгогчдын саналыг улс орон даяар 14 мянган санал авах байранд авч байна.

Энэ удаагийн сонгуульд тус улсын 51 сая хүн амын 82 хувь нь буюу 42.4 сая хүн санал өгнө. Тэдний 26 хувь нь буюу 11 сая хүн өнгөрсөн 7 хоногт болсон сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцож, саналаа өгөөд байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль ээлжит бус. Энэ удаад Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн олон хүн санал өгч байгаагийн зэрэгцээ, сонгогчдын сонгуульд оролцох идэвх өмнөх сонгуулиудтай харицуулахад маш сайн байгаа гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тус улсын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд хариуцлага тооцох парламентын шийдвэрийг баталснаар Ерөнхийлөгчийн сонгуулиа хугацаанаас нь долоон сарын өмнө явуулж байгаа юм. Олон нийтийн санал асуулгаар Өмнөд Солонгосын сөрөг хүчний хамгийн том нам болох Ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ-Ин бусад өрсөлдөгчдөөсөө давуу саналтай, сонгогдох магадлал өндөр ретингтэй гарсан.

Түүний араас Ардын намын Ан Чоль Су, Солонгосын эрх чөлөө намын Хон Жун Пхё нар удаалж байна. Өмнөд Солонгосын өмнөх консерватив Ерөнхийлөгч авлига хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг үндэслэлээр гэмт хэрэгт холбогдсон нь Өмнөдийн улс төрд либерал үзэлтнүүд хүч түрэн гарч ирэхэд нөлөөллөө гэж улс төрийн ажилагчид таамаглаж байна.

Өмнөд Солонгосын энэ удаагийн сонгуулийн гол асуудлуудын нэг нь өмнөх Ерөнхийлөгчид хариуцлага тооцох, нийгэмд үүссэн таагүй уур амьсгалыг арилгах, улс төрийн орчныг сайжруулах зэрэг юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдтэй нь холбогдуулж Умард Солонгост ямар хариу арга хэмжээ авах тал дээр байр суурь нэлээн зөрүүтэй байна.

Мун Жэ Ин-ий хувьд Умардын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж амлаж байна. Харин Ан Чоль Су-гийн хувьд Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авна, ингэж байж Умардыг цөмийн зэвсгээр хөөцөлдөх байдлыг нь зогсооно гэж амлаж байгаа бол гурав дахь гол өрсөлдөгч Хонг Хон Жун Пхё бусдаасаа бүр илүү хатуу бодлогыг Умард хөршдөө хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн үр дүн Зүүн Азийн орнуудын харилцаанд нөлөөлж магадгүй гэж ажиглагчид харж байна. Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнөөдөр 20:00 цагт хаагдана. Ингээд сонгуулийн саналын урьдчилсан дүн өнөө оройдоо гарна. Маргааш өглөө сонгуулийн албан ёсны дүн эцэслэн гарна гэсэн төлөв ажиглагдаж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНСУ-ын ард түмэн шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна   
Үзсэн: 2155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй